“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад хувь нэмэр оруулах, ой усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, олон нийтэд сурталчлах мод тарьж арчлан ургуулах ажлыг дэмжин банкны салбарын оролцоог ханган бүх нийтээр мод тарих үйлсийг дэлгэрүүлэхээр Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын банкны холбоо, ХААН банк, Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Төрийн банк, Хас банк, Капитрон банк, Ариг банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, М банк, Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл Гачууртад байрлах Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн (International Garden of Mongolia)-д бүх нийтээрээ мод тарилаа.
Зохион байгуулагчаар Тэрбум мод сан, Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажилласан бөгөөд 2024 оны хавар, намрын бүх нийтийн мод тарилтаар 500 гаруй банкны ажилтнууд нарс, шинэс, гацуур зэрэг шилмүүст болон навчит 20 гаруй нэр төрлийн нийт 7032 ширхэг модыг тус цэцэрлэгт хүрээлэнд тарьсан байна.
Үргэлжлүүлэн, энэ оны хаврын мод тарилтаар тарих модны төрөл зүйлийг нэмэгдүүлэн цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжид өргөнөөр хэрэглэгддэг, гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой, анхилуун үнэртэй, өнгийн цэцэгстэй Монгол орны цаг уурын нөхцөлд бүрэн нутагшиж чаддаг голт бор, жигд зэрэг модыг тарьж, өмнөх тарьсан модны арчилгаа болон цэнэг усалгааг хийлээ.
Хаврын бүх нийтийн мод тарих үйл ажиллагаа нь “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчинд ээлтэй үйлсэд Банкны салбарынхан хамтдаа сэтгэл зүрхээ шингээн мод тарих хөдөлгөөнийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх, ойн салбарт санхүүжилтийн эх үүсвэр, тогтолцоог бий болгох, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ тасралтгүй оруулахад чиглэсэн үйл ажиллагааны нэг байлаа.
Тэрбум мод сан нь ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх, мод тарихад олон нийтийн оролцоог хангах, бүх нийтийн экологийн боловсролд хувь нэмэр оруулах зэрэг үйл ажиллагааны хүрээнд энэхүү 2 жил гаруй хугацаанд буюу 2023 онд нийт 34 төсөл, 2024 онд нийт 47 төсөлд буцалтгүй санхүүжилтийг олгосон бөгөөд төслийн үр дүнд өнөөдрийн байдлаар нийтдээ 3.0 сая гаруй мод тарьсан амжилтын үзүүлэлттэй ажиллаж байна. Үргэлжлүүлэн, 2025 онд санхүүжилт олгох төслүүдээ сонгон шалгаруулан, ойн салбарт оруулах хувь нэмрээ тасралтгүй хангахад, их хэмжээний ой нөхөн сэргээлтийн төслүүдийг хэрэгжүүлэх замаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн Монгол орны ойн салбарт тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшлүүдээ түүчээлэн ажилласаар байна.
Тэрбум мод сан нь төр захиргааны институтүүд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагууд, ойн салбарын тэргүүлэх зэргийн эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж сангийн үйл ажиллагааг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулахад анхаарч ажиллаж байна.
🌳🌲🌳🌲🌳🌲