Уншиж байна ...

Женевт болсон АНУ-Хятадын худалдааны яриа хэлэлцээнд “томоохон ахиц дэвшил” гарсныг мэдээллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Швейцарын Женев хотод АНУ, Хятадын засгийн газрын төлөөлөгчид хоёр улсын худалдааны маргаан зөрчлийг арилгах зорилгоор уулзсан юм.

Энэ үеэр “томоохон ахиц дэвшил” гарсныг АНУ-ын сангийн сайд Скотт Бессэнт уулзалт дууссаны дараа мэдэгджээ.

Хоёр өдрийн турш хаалттай горимд болсон яриа хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгчдийг сангийн сайд Бессэнт, Хятадын талыг ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн тэргүүлж байсан юм.

Талууд яг ямар тохиролцоонд хүрсэн талаар Бессэнт ярихаас татгалзаж, Даваа гарагт ерөнхийлөгч Трампад үр дүнг танилцуулсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө амласан байна.

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангараг өргөснөөсөө хойш ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улсын эсрэг худалдааны хориг арга хэмжээнүүдийг дараалан авч хэрэгжүүлсэн юм.

Үүний үр дүнд Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээ 145 хувь хүртэл өсөөд байгаа. Хариуд нь Бээжингийн эрх баригчид АНУ-ын бараа бүтээгдэхүүний импортын татварыг 125 хувьд хүргэж өсгөсөн.

Бямба гарагт Трамп эхний өдрийн яриа хэлэлцээ “нөхөрсөг боловч ажил хэрэгч” уур амьсгалтай болж өнгөрснийг сошиал хуудсандаа сайшаан мэдээлж байлаа.

“Бид Хятад болон АНУ-ын хоёуланд нь сайн үр дүн гаргахыг, Америкийн бизнесүүдэд Хятадын зах зээлийг нээхийг хүсэж байна. Том дэвшил гарлаа!” гэж тэр мэдэгдэж байв.

Хятадын төлөөлөгчдийн ахлагч Хэ Лифэн бас яриа хэлэлцээнд “чухал ахиц” гарсныг Женев хотод сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдээлжээ.

Уулзалтын өмнө талуудын аль аль нь ямар хүлээлттэй байгаагаа урьдчилан анхааруулцгааж байлаа.

Тухайлбал Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Баасан гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ дангаараа татвараа бууруулахгүй, Хятадын тал бас буулт хийх ёстойг анхааруулж байв.

Бээжингийн албаныхан мөн ижил утгатай байр суурь илэрхийлж байсан юм.

Сангийн сайд Бессэнт энэ уулзалтаар хоёр улсын хооронд томоохон худалдааны гэрээ байгуулагдахгүй, зөвхөн “хурцадмал байдлыг намжаах” асуудал анхаарлын төвд байхыг мэдэгдэж байлаа.

Трамп дэлхийн ихэнх улсын АНУ-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнд импортын “харилцан татвар” ногдуулж байгаагаа дөрөвдүгээр сарын эхээр зарлаж байв.

Сүүлд тэр энэхүү арга хэмжээний хэрэгжилтээ Хятадаас бусад улсуудын хувьд 90 хоногоор хойшлуулсан нь тэдэнд АНУ-тай яриа хэлэлцээнд орох боломж олгох зорилготой байсан юм.

Одоогоор зөвхөн Их Британи улс зарим бүтээгдэхүүнийхээ татварыг бууруулах асуудлаар АНУ-тай тохиролцоонд хүрээд байна.

Тухайлбал тус улсын үйлдвэрлэгчдийн 100,000 хүртэлт тооны автомашины 25 хувийн импортын татварыг 10 хувьд хүргэхээр тохиролцжээ.

Энэ нь өнгөрсөн онд Их Британиас АНУ-д нийлүүлсэн бүх автомашины тоо юм. АНУ-д гаргадаг Их Британийн хамгийн том биет экспорт нь автомашин бөгөөд өнгөрсөн оны хэмжээ нь $12 тэрбум орчимд хүрч байжээ.

 

Эх сурвалж: BBC