MCS группийн нэр бүхий албан тушаалтыг хуулийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл өнөөдөр цацагдаад буй. Энэ талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Аж ахуйн нэгжтэй холбоотой хүмүүс баривчлагдсанд Ухаа худагийн асуудал, Энержи ресурс дээр хууль зүйн дүгнэлт гаргах ажлын хэсгийн үйл ажиллагаа хамаагүй.
Нэр бүхий хүмүүсийг саатуулсан.
Монгол төр, хууль хяналтын байгууллага хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Монгол хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор энэ ажиллагааг явуулдаг. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг хууль бусаар олж авсан.
Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуйн нэгж дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэдэг зүйл яригдаж байна. Энэ асуудалд тодорхой этгээдүүд сэжиглэгдэн шалгагдаж байгаа.
Монгол Улсад ямар ч мөнгөтэй, том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй, гүйцэтгэх ажиллагааны тусгай төхөөрөмж ашиглаж болохгүй.
н.Төрмандах гэдэг хүн шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бий. Хэдэн хүн, ямар асуудалд холбогдсон нь төрийн нууцтай холбоотой учир мэдээлэх боломжгүй" гэдэг хариулт өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!