Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхлээд буй.
Нэг сар гаруй хугацааны дараа буюу өнөөдрийн байдлаар тус станц 14,210.5 МВт.ц эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлжээ.
Нийт 293.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг станцыг БНХАУ-ын "Энвижн Энержи" ХХК барьж ашиглалтад оруулсан бол монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Батарей хураагуур станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар системд буцаан нийлүүлдэг технологитой.
Эрчим хүчний бусад эх үүсвэрийн тухайд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн. Одоо зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дууссан байна.
Мөн Төв аймгийн Баян сумын нутагт 660 МВт дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн” гэв.
Улаанбаатар хотын арилжсан бондын хөрөнгөөр Бөөрөлжүүтийн 600 МВт цахилгаан станцын төслийн эхний 150 МВт станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!