Уншиж байна ...
Зураг

Шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэсэн 208 жолоочид ₮300 гаруй саяын торгууль ногдуулжээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг үеийн асуудлаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. 

Энэ үеэр өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал ба зарим хяналт шалгалтын товч мэдээллийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү танилцуулав. 



Тэрбээр хэлэхдээ "Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд 0-21 сантиметр цасан бүрхүүл тогтсон тухай мэдээг цаг уурын байгууллага ирүүлсэн. 

Зудын нөхцөл байдлын үнэлгээг хоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар шинэчлэн гаргасан байна. Зудын үнэлгээ хийхэд

  • Долоон аймгийн зургаан сум цагаан зудтай.
  • 13 аймгийн 39 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалтай.

Улсын хэмжээнд 2024 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтны тооллогоор 57.6 сая мал байна. 

Өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн зургаан аймагт нийт 3,540 орчим өрх байгаа. Үүнээс өвс тэжээлийн нөөц дуусаж буй эрсдэлд орсон таван аймгийн 1,894 өрх байна.

Дээрх малчин өрхүүдэд өвс тэжээл хүргэх, аймаг, сумын аюулгүйн нөөцөөс өвс тэжээл олгох ажлууд эхэлсэн. Хоёрдугаар сарын 17-ны байдлаар 12 аймагт 8,000 орчим толгой мал хорогдсон тоон мэдээлэл байна" гэв. 

Мөн "Өнгөрсөн онд УОК-ын даргын тушаалаар шатахуун, хий болон бусад тэсэрч, дэлбэрэх аюултай бодисын хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих Ажлын хэсэг байгуулсан. 

Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллага улсын хэмжээнд бүртгэлтэй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцуудад хяналт шалгалт хийсэн.

Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан стандарт болон журмын дагуу Тээврийн Цагдаагийн Албанаас өнгөрсөн хугацаанд 52 ААН, байгууллагын 253 тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, бичиг баримтын иж бүрдэлд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж, давхардсан тоогоор 83 удаагийн зөвлөмжийг Тээврийн Цагдаагийн Алба хийсэн байна.

Хяналт шалгалтаар нийт 26 аж ахуйн нэгж, байгууллагын 714 ажилтан, албан хаагчдын дунд аюултай ачаа ангилан тээвэрлэхэд тавигдах ерөнхий шаардлага стандарт болон журмын талаар 23 удаагийн 15 цагийн сургалтыг зохион байгууллаа.

Гудамж замын хяналт шалгалтаар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн 208 жолоочид 300 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна" гэв.