Өмнөд Солонгосын эрх баригчид мэдээллийн аюулгүй байдлын үндэслэлээр Хятадын DeepSeek компанийн чатбот аппликэйшнийг өчигдрөөс эхлэн тус улсын иргэдийн гар утсанд шинээр суулгах боломжгүй болгожээ.
Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулсны дараа дахин нээхээ тус улсын засгийн газрын агентлаг тайлбарласан байна.
Өнгөрсөн сард АНУ-ын зах зээлд дуулиан тарьсны дараа DeepSeek-ийн эрэлт Өмнөд Солонгосын зах зээлд эрс нэмэгдэж, долоо хоног бүр нэг сая гаруй хэрэглэгч гар утсандаа суулгах болжээ.
Эхлээд тус улсын эрх баригчид засгийн газрын албан хаагчдад DeepSeek-ийг ажлын гар утсандаа суулгахыг хориглож байв.
Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн Apple App Store, Google Play дэлгүүрүүдээс тус аппликэйшнийг түр хассан байна.
Өмнөд Солонгосоос гадна Тайвань, Австрали улсууд төрийн албан хаагчдын ажлын гар утас, төхөөрөмжүүдэд DeepSeek-ийг суулгахыг хориглоод байгаа.
Итали, Франц, Ирланд зэрэг улсуудын эрх баригчид мөн иргэдийнх нь хувийн мэдээллийг DeepSeek хэрхэн ашиглаж байгаад санаа зовж эхлээд байна.
АНУ-ын хэсэг хууль тогтоогчид саяхан DeepSeek-ийг холбооны засгийн газрын албан хаагчдын гар утсанд хориглох хуулийн төсөл санаачилжээ.
Орон нутгийн түвшинд Техас, Виржиниа, Нью-Йорк мужууд үүнийг хэдийнээ хэрэгжүүлсэн юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!