Залуу насандаа электрон тамхи хэрэглэгчид цаашид янжуур тамхи хэрэглэх магадлал гурав дахин их байдаг тул ДЭМБ электрон тамхийг хориглохыг улс орнуудад зөвлөж байна.
Электрон тамхи-вейпний хэрэглээ өсвөр насны хүүхдүүдийн дунд эрчтэй нэмэгдсээр байгаа энэ цагт Улсын Их Хурлын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа нь сайшаалтай.
Вейп олон төрлийн таатай амттай учир хүүхдүүд үүнд нь автагддаг. Тиймээс өсвөр насныхан хэт их донтож, сорох хүсэл сонирхол нь нэмэгдсэнээр хэтрүүлж хэрэглэдэг.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте жил бүр цахилгаан тамхины хэрэглээ нэмэгдэж, өсвөр насны хүүхдүүдийн дунд дэлгэрч байгааг тодотгоод, хориглох хэрэгтэйг онцоллоо.
ДЭМБ-ын гишүүн орнуудад электрон тамхи нь насанд хүрэгчдээс илүү, ихэвчлэн 13-15 насныхны дунд түгээмэл байна. Засгийн газрууд цахим тамхи худалдаалахыг зөвшөөрөхгүй байхыг зөвлөж байна.
Дэлхийн улс орнууд вейпний хор уршгийг мэдэж эхлээд худалдаалахыг хориглож эхэлж байна. Вэйпийг хориглосон орнуудын жагсаалт өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор 30 гаран орнууд вейпийг бүрэн хориод байна. Манай 2 гол хөршийн хувьд, 2023 онд ОХУ-ын ерөнхийлөгч вейпийн төрлийн бүтээгдэхүүний худалдааг хязгаарлах тухай "vape-ийн тухай хууль"-д гарын үсэг зуржээ. Хятадад 2019 оны арваннэгдүгээр сард тамхины цахим худалдааг хориглосон байна. Сингапур улс 2024 оны 3-р сараас эхлэн электрон тамхин бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, түгээх, худалдан авахыг хориглосон ба 2000 сингапур доллар хүртэл торгуультай. Австрали улсад 2024 оны нэгдүгээр сараас никотины агууламжтай эсэхээс үл хамааран вейпийг дотооддоо үйлдвэрлэхийг хоригложээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэлэхдээ, Өсвөр насны буюу 13-17 насны хүүхдүүдийн 25 хувь нь электрон тамхи татаж, Азийн орнуудаас манай улс өндөрт орж байна.
Огт тамхи татаж үзээгүй хүүхдүүд энэ бүтээгдэхүүний гол хэрэглэгч болж энэ аюулт тахал хэрхэн сургуулийн орчинд хүүхдүүдийг маань хордуулж байгааг бид харж байна. Үгүй бол бид ирээдүйгүй болох нь ээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр вейп болон бусад төрлийн электрон тамхин бүтээгдэхүүний импорт, худалдаа, түгээлт аливаа хэрэглээг хуулиар хориглохыг уриалж байна. Бидний хүүхдүүдийн эрүүл мэнд тэргүүнд байх ёстой.
ДЭМБ-аас хийсэн судалгаагаар, өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буйг тогтоожээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, хавдар, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.
ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейюс “Хүүхдүүд бага наснаасаа тамхи татах буруу зуршилтай болж, никотинд донтох эрсдэлтэй. Иргэдээ, тэр дундаа хүүхэд залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд электрон тамхины тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг улс орнуудад уриалж байна” гэжээ.
Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг. Тамхины компаниудын гол зорилго үүнд чиглэдэг. Хүний тархи 25 нас хүртэл хөгжиж байдаг тул хүүхдийн тархины хөгжилд урт хугацаанд сөргөөр нөлөөлж, никотины донтолтод хүргэх эрсдэлтэй. Зүрх судас болон уушгины эмгэг үүсгэдэг гэж ЭМЯ-аас сэрэмжлүүлж байна.
Хүүхэд залуусын шунан дурлаад байгаа электрон тамхинд пропиленгликол болон глицерин агуулагддаг бөгөөд тэдгээрийг халаах үеэр формальдегид, ацетальдегид, акролеин болон глиоксаль зэрэг бодисууд ялгардаг аж. Их хэмжээний үнэртүүлэгчтэй холилдсоноор тэдгээр нь таатай амт үнэр үүсгэдэг боловч уушгинд маш муугаар нөлөөлдөг байна.
"Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 1-р сарын 27,28- ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Аливаа асуудалд судалгаа шинжилгээтэй хандаж, дэлхийн улсуудын сайн туршлагаас суралцах нь чухал. Унадаг дугуй шинээр бүтээдэггүйтэй л адил.
Нийтлэл бичсэн: Х.Тамир
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!