АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Кит Кэллог өчигдөр Украины дайныг дуусгах яриа хэлэлцээний талаар Брюссель хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр өчигдөр Европ дахь НАТО-гийн холбоотнуудтай уулзсан бөгөөд маргааш буюу Лхагва гарагт Киев хотод хүрэлцэн очиж, Оростой байгуулах энхийн гэрээний асуудлыг Украины удирдагчидтай гурван өдөр хэлэлцэх юм.
Өнөөдөр буюу Мягмар гарагт АНУ-ын засаг захиргааны төлөөлөгчид Оросын албаныхантай Саудын Араб улсад уулзана.
Эндээс харвал Трампын засаг захиргаа Украин, Оросын талуудтай гэрээний нөхцөлийг зэрэг хэлэлцэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа бололтой.
АНУ-ын зуучилсан ямар ч гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийн шийдэх асуудал болохыг Кэллог өчигдөр батлан илэрхийлжээ.
“Украинчуудын шийдвэр бол Украины шийдвэр. Зеленский бол тусгаар тогтносон улсын сонгогдсон удирдагч тул шийдвэр түүнийх байх болно. Хэн ч тусгаар улсын удирдагчид ямар нэг гэрээг тулгах ёсгүй” гэж тэр хэлсэн байна.
Түүний ажил үүрэг бол “тусгаар тогтносон Украин улсын аюулгүй байдлыг баталгаажуулсан” гэрээг байгуулахад дэмжлэг үзүүлэх гэнэ.
Европын орнууд уг яриа хэлэлцээнд шууд оролцохгүйг Кэллог өмнө нь мэдэгдэж байсан.
Тэгвэл өчигдөр тэр үүнийгээ давтан илэрхийлсэн байна.
“Бүгд хэлэлцээний ширээний ард суух боломжгүй гэж би бодож байна” гэж Кэллог хэлсэн ч Европын удирдагчдыг бүх мэдээллээр хангахаа амлажээ.
Украин-Оросын яриа хэлэлцээний явцад боломжит бүх хувилбарыг ямар нэг хязгаарлалтгүй, нээлттэй авч үзэх гэнэ.
Тухайлбал энэ хэлэлцээнд Европын төдийгүй дэлхийн хэмжээний аюулгүй байдлын асуудлууд хөндөгдөхийг Кэллог үгүйсгээгүй юм.
Тухайлбал Оросыг Иран, Умард Солонгос, Хятадаас хөндийрүүлэх хүчин чармайлтыг Кэллог энд онцлон дурдсан байна.
“Яриа хэлэлцээнд ямар асуудал хөндөгдөхийг таашгүй. Дэлхий дахины асуудлуудыг ярихад би гайхахгүй” гэж Кэллог хэлжээ.
Эцэст нь гурван жил үргэлжилж буй дайны үр дүнд Украин, Оросын аль нь ч тулааны талбарт шийдвэрлэх ялалт байгуулж чадаагүй тул мөргөлдөөнөө зогсооход бэлэн болсон гэдэгт итгэлтэй байгаагаа тэр илэрхийлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!