Монголын Бодибилдинг Фитнессийн Хөгжлийн Холбооноос өнгөрсөн оны долдугаар сарын 05-наас 08-ны өдрүүдэд Монголд зохион байгуулсан Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ)-ий үеэр допингийн хяналтын шинжилгээг дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартын дагуу авсан хариуг зарласан юм.
Уг мэдэгдэлд Б.Сугарсүрэн, М.Алтайбаатар, Г.Ууганчимэг, Э.Эрхэмбилэг нараас допингийн төрлийн бодис илэрсэн гэсэн юм.
Энэ талаар Фитнесийн модель, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "ААШТ болоод найман сарын дараа допингийн хариуг бидэнд урьдчилан байдлаар мэдэгдэлгүйгээр олон нийтэд зарласан. Допингийн шинжилгээний хариугаа удаа дараа нэхэхэд өгөөгүй. Албан бичгээр бидэнд энэ талаар огт хэлээгүй. Гэнэт цахимаар зарлаж, тамирчдын нэр хүндэд халдлаа.
Би өөрийгөө нэр цэвэр гэж бодож байгаа. Одоог хүртэл олон улсын байгууллагаас албан ёсны хариуг надад ирээгүй. Үүнийг миний нэр төрд халдах зорилгоор албаар тараасан зүйл гэж бодож байна. Үнэхээр допингийн төрлийн бодис надаас илэрсэн бол B сорьцоо шинжлүүлэх боломж олгох ёстой. Гэтэл тийм зүйл болоогүй.
Миний нэр төрд халдсан хойноо өчигдөр над руу яриад тохиролцъё гэж байна. Албан мэдээлэл байгаа эсэх нь тодорхойгүй зүйл дээр сэвж нэр төрд минь халдсанаа юуг тохиролцох гээд байгааг нь ойлгохгүй байна.
Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбоо бол Ш.Амарсайхан гэж ганц хүний нэрээр явдаг. Өнгөрсөн онд ААШТ-ийг эх орондоо зохион байгуулахад улсын төсвөөс ₮830 сая авсан. Үүнийг гаднын аудитаар шалгуулах хүсэлтэй байна. Мөн холбооныхоо нэрийг барьж олон газраас зээл авдаг" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!