2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцаж буй зургаан настнуудыг эрт илрүүлэг үзлэгт хамруулж байна.
Тухайлбал Баянгол дүүрэгт 5,800 хүүхэд дээрх үзлэгийн дагуу зүрхний цахилгаан бичлэгт хамрагджээ. Ингэхэд 150 гаруйд нь өөрчлөлт илэрсэн тул Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв(ЭХЭМҮТ)-д зүрхний эход үзүүлжээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх Поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал "Эхо үзлэгээр зүрхний төрөлхийн гажиг нэг илэрсэн. Тухайн хүүхдийг ирэх долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтүүлж эмчилнэ. Хавхлагын өөрчлөлттэй зургаан тохиолдол гарлаа. Энэ бол зүрхний олдмол гажиг гэсэн үг. Ихэвчлэн хоолой шүднээс болоод эрүүл зүрхний хавхлаг гэмтэх суурь нь бүрэлддэг. Мөн зүрхний олдмол гажиг үүсэх суурь нь ч зургаан насанд тавигдаж эхэлдэг. Тиймээс зургаан настнуудыг зүрхний цахилгаан бичлэгт хамруулж, өөрчлөлттэй гарвал эхогоор эмгэг тодруулж байгаа нь тун зүйтэй.
Зүрх нь эрүүл төрсөн хүүхдүүд хоолой шүдний үрэвслээс болоод хавхлаг гэмтэж буй харамсалтай тохиолдлууд гарч байгаа. Уг нь хүүхдийн хоолой шүдийг эрүүл байлгаснаараа зүрхний хавхлагыг үрэвсүүлэхгүй эрүүл байлгах боломжтой" гэв.
Хавхлагын өөрчлөлттэй гарсан хоёр хүүхдийг ирэх долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтүүлж, эмийн эмчилгээ хийхээр төлөвлөжээ. Харин дөрвөн хүүхдийг хяналтад оруулах юм байна. Цаг алдалгүй илрүүлж эмийн эмчилгээ хийснээр үрэвслийг тухайн шатанд зогсоох боломжтой юм байна. Ингэснээр цаашид амьдралын чанарт нөлөөлөх, хөдөлмөр чадвар буурах зэрэг эрсдэлээс хамгаалж болно гэдгийг тэрбээр мөн онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!