Уншиж байна ...
Зураг

Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст ₮21.7 их наяд болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад ₮4.6 их наядаар өслөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2025 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны мэдээллийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос өнөөдөр танилцуулав.

Энэ үеэр ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга Ц.Тэгшжаргал мөнгөний нийлүүлэлт болон зээлийн талаарх мэдээлэл өглөө.

Мөнгөний нийлүүлэлт 2025 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.4 (11.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд төгрөгийн хадгаламж 4.6 (26.8%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.1 (27.2%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Тэгвэл гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө өнгөрсөн сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 83.2 (6.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 33.4(2.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.
зураг
 
МӨНГӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТ, их наяд төгрөг

Төгрөгийн хадгаламж 2025 оны нэгдүгээр сарын эцэст 21.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.1 (1.5%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 4.6 (26.8%) их наяд төгрөгөөр өссөн аж. Төгрөгийн хадгаламжийн 18.9 (87.1%) их наяд нь иргэдийнх, 2.8 (12.9%) их наяд нь аж ахуйн нэгж, байгууллагынх байгаа юм.

зураг
 
ХАДГАЛАМЖ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны нэгдүгээр сарын эцэст 37.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 342.5 (0.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.7 (34.9 %) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 60.7 хувь нь иргэд, 36.6 хувь нь хувийн байгууллага, 1.4 хувь нь төрийн байгууллага, 1.3 хувь нь санхүүгийн байгууллага болон бусад байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2025 оны нэгдүгээр сарын эцэст 34.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 250.7 (0.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 9.7 (39.6%) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 91.3 хувийг эзэлж байна
зураг
 
ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЛИЙН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 32.3 (2.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 89 (7.3%) тэрбум төгрөгөөр өсжээ. Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.5 хувийг эзэлж байна.

Харин чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59.5 (3.2%) тэрбум төгрөгөөр өсөж ,өмнөх оны мөн үеэс 114.2 (5.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж байна.

Ойлголт, тодорхойлолт:

  • Мөнгөний нийлүүлэлт /М2/: Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, төгрөгийн болон валютын харилцах, хадгаламж, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно. Өөрөөр хэлбэл, бага мөнгө болон бараг мөнгөний нийлбэрээр тодорхойлно. Зөвхөн цэвэршүүлсэн алтны харилцах дансны үлдэгдлийг хамруулах бөгөөд бусад үнэт металлын харилцах дансны үлдэгдлийг хамруулахгүй.
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө: Төв банкнаас гүйлгээнд гаргасан цаасан болон зоосон мөнгөнөөс банкнуудын эзэмшиж буй цаасан болон зоосон мөнгийг хасна.
  • Бараг мөнгө: Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, валютын харилцах, цэвэршүүлсэн алтны харилцах, хадгаламжийн сертификатын нийлбэрээр тодорхойлно.
  • Бага мөнгө (М1): Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах дансан дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлно.