Уншиж байна ...
Зураг

Хуурамч өвчтөний түүх, жор үзүүлж мансууруулах үйлчилгээтэй тариа авч, хадгалсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллага 2025 оны хоёрдугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48,773, мөрдөн байцаалтын 2,877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал

  • Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115,
  • Өмчлөх эрхийн эсрэг 63,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зургаа,
  • Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр тав,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв,
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гурав,
  • Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх нэг хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Иргэн А.Г нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын долоон иргэнд давуу байдал бий болгох, Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор Гадаад иргэн харьяатын газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
  • Иргэн Г.Н нь хуурамч өвчтөний түүх, жор үзүүлж эмийн сангаас мансууруулах үйлчилгээтэй тариа авч, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхэд,
  • Нэр бүхий аж ахуйн нэгж нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг жагсаалтад багтсан химийн бодисыг худалдан авч, үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хадгалсан, бусдад дамжуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар