Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Их Британийн геологийн алба хамтран ажиллахаар болжээ.
Энэхүү хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр "Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын боломж" хэлэлцүүлгийг Их Британийн Элчин Сайдын Яам болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац зохион байгуулав.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацын Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа өнөөдрийн хэлэлцүүлгийн талаар "Уул уурхайн салбарын ирээдүйн хөгжил, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад геологийн хайгуулын ажил чухал үүрэгтэй. Олон улсад эрчим хүчний шилжилтийг дагаад чухал ашигт малтмалын хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хөрөнгө оруулалт өсөж, хайгуул судалгааны ажлууд хийж байна. Иймд бидэнд ямар боломж байна вэ, олон улсын түвшин ямар байна гэдгийг хоёр улсын геологийн алба ярилцахаар өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байгаа.
Хоёр улс хайгуул судалгаа, ялангуяа чухал ашигт малтмалын чиглэлд бүхий л талаар хамтран ажиллах боломжтой бөгөөд биднийг дараагийн түвшинд гарахад дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ Их Британийн тал илэрхийлсэн" гэсэн юм.
Түүнчлэн манай улсын уул уурхайн салбарын хүний нөөцийн нөхцөл байдлын талаар түүнээс тодруулахад "Саяхан хөндлөнгийн судалгааны байгууллагаар ажлын байран дахь хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийлгэлээ. Ингэхэд маш их зөрүүтэй байдал ажиглагдсан. Одоо бэлтгэж байгаа боловсон хүчин маань илүү хуучны технологи, үйлдвэрлэлд төвлөрдөг. Гэтэл цэвэр эрчим хүч, чухал ашигт малтмал ярьдаг болчхоод байна шүү дээ.
Чухал ашигт малтмалын чиглэлээр одооноос боловсон хүчнээ бэлтгэх ёстой. Бодлогоор боловсон хүчнээ бэлтгэдэг болохгүй бол маш их хоцрогдолтой явж байна. Оюутны тоо багассан.
Мөн технологи хурдацтай хөгжиж, автоматажсанаар эмэгтэй ажилтны тоо өсөж байгаа. Нэг талдаа зарим ажлын байр үгүй болж байгаа ч нөгөө талд эрэлт нь нэмэгдэж байна. Роботжилт, автоматжуулалттай холбоотой бидэнд шинэ боловсон хүчний хэрэгцээ шаардлага үүсэж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!