Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам/ЦХИХХЯ/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Энэ үеэр болсон "Хиймэл оюун маргааш: Эрсдэл, давуу тал, хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлгээс онцлох яриануудыг хүргэж байна.
Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан "Татварын албанаас 2020 онд өгөгдлийн шинжилгээний стратеги хэрэгжүүлэх зорилтыг гаргасан. Энэ ажлын хүрээнд одоогийн байдлаар зургаан загвар ашиглаад явж байна. Таамаглах загварыг түлхүү ашиглаж байна. Татварын албанд цугласан датагаар загваруудаа сургаад, аж ахуйн нэгжүүдэд үр дүнг нь мэдэгдэж, үр дүнгээс гарсан эрсдэлийг өөрсдөө удирдах боломжийг нь хангаж байна.
Үр дүнд нь нэг загварын хүрээнд хийгдсэн төслөөр 1,462 татвар төлөгч таамагласан орлогоосоо дутуу тайлагнасан байх магадлалтай байна гэдгийг бизнесүүдэд мэдэгдсэний дараа тэдгээр ААН-үүд 192 тэрбум төгрөгийн ногдуулалтыг нэг сарын дотор нэмэгдүүлсэн. Үүнээс өмнө нь төр шалгадаг, нэг бүрчлэн байцаагчид хуваарилдаг үйл явцыг хэрэгжүүлсэн бол хэчнээн хүн хүч, цаг, санхүү зарцуулах байсан бэ? Гэтэл энэ загварын цаана дөрөвхөн л хүн ажиллаж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 1,700 гаруй татварын байцаагчдын ажлын бүтээмжийг энэ загварчлалын хүрээнд дээшлүүлж байна" гэв.
Хаан банкны мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Ариунболд "Манай банкны хувьд 2018 оноос энэ чиглэл рүү ажиллаж эхэлсэн. Зээл олголтыг 2-3 минутын дотор гар утсаар олгодог болсон байна. Мөн харилцагчдын үйлчилгээгээ хурдтай хүргэхэд ашиглаж байна. Хэрэглэгчдээс ирэх асуултуудын 90 хувь нь чатботоор хариулагдаад явж байх жишээтэй. Түүнчлэн IT-н үйл ажиллагаагаа автоматжуулахаар эрчимтэй ажиллаж байна.
IT, дата шинжлэх ухаанаар суралцсан хүмүүс эх орондоо ажилладаггүй гадагшаа гараад явчихдаг. Иймд Монголын зах зээл дээр ажлын байруудыг бий болгох хэрэгтэй байна. Том технологийн компанийн оффисуудаас нэг нь ч гэсэн орж ирвэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөнө" гэв.
Юнител группийн Байгууллагын бизнес хариуцсан дэд захирал Б.Энхтүвшин "Юнител Групп 2023 онд өдөрт 3TB датаг процесс хийж байсан бол өнөөдөр энэ тоо 7TB болж өссөн. Цаашид 2028 онд 20ТВ болох тооцоо гарсан. Цаашид байгууллагууд ч мөн адил өөрсдийн дата-г бизнес, үйл ажиллагаагаа хөгжүүлэх, өргөжүүлэх боломж гэж харан найдвартай хадгалахад анхаарах цаг нь болсон.
Мөн ганц өдөрт боловсруулагдаж байгаа өгөгдлийн хэмжээ хурдацтай өсөж байгаа тул Data Warehouse консепц хоцрогдож үүнийг дараагийн түвшинд гаргах цаг нь ирээд байна. Энэ бол илүү олон өгөгдөлтэй илүү хурдан ажиллах боломжтой Data Lakehouse модель юм. Юнител групп энэхүү моделийг нэвтрүүлэх ажлаа хэдийн эхэлсэн бөгөөд энэ онд багтаан дуусгахаар ажиллаж байна.
Бидний гол зорилго бол хэрэглэгч бүрд зориулсан үйлчилгээ хүргэх. Хэрэглэгчийн энэ их датаг аюулгүй байдал заавал яригдана. Энэ асуудалд манай компани нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж, найдвартай тогтвортой ажиллагааг ханган ажиллаж байна. Түүнчлэн бид цаашид өөрсдөө хөгжихөөс гадна технологийн тэргүүлэгч компанийн хувьд нэвтрүүлсэн инновац, технологи туршлагаа байгууллагуудтай хуваалцаж, тэдэнд үйлчилгээ үзүүлэн ажиллана.
Харин төрөөс дата төвийг байгуулах тухай түрүүн дурдлаа. Энэ мэдээж зөв. Гэхдээ дата төвийн ашиглалт, хөрөнгө оруулалт, цаашлаад урт хугацааны тогтвортой, аюулгүй ажиллагааг хангахад төр хувийн хэвшлүүд нэгдсэн бодлоготойгоор хамтран ажиллах цаг нь иржээ" гэв.
PRO AI ХХК-ийн Сингапур дахь салбарын салбар хариуцсан захирал Ailiya Borjigon "Өгөгдлийн төв бол маш чухал зүйл юм. Өгөгдлийн төв нь маш их халдаг учир монголын хүйтэн цаг уурт маш тохиромжтой гэж үзэж байгаа. Түүнчлэн өгөгдлийн төвд эрчим хүч маш чухал. Монголд салхи, нар зэрэг ногоон эрчим хүчний нөөц маш их байна гэж харж байна. Сингапурын Засгийн газар ДНБ-ийхээ 1.5 хувиар AI-н салбарт хөрөнгө оруулж байна. Дараачийн таван жилд 1 тэрбум долларыг AI хөгжилд зарцуулахаар хуваарилсан байна" гэв.
Дата гэр ХХК-ийн Захирал Г.Гүен "Манай салбарт олон төрлийн буюу дата инженер, дата архитектор, аналитикийн инженер, дата аналист зэрэг мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Хиймэл оюун ухааныг хэрэгжүүлэхэд дата хэрэгтэй. Гэтэл тэр датаны суурь дэд бүтцийг хэн, хэрхэн байгуулах вэ гэдэг нь асуудалтай байна. Иймд энэ чиглэлийн ажиллах хүчин манай зах зээлд ховор байгаа учраас их дээд сургуулиудтай хамтрах зэргээр системчилсэн байдлаар мэргэжлийн ур чадварыг олгох сургалтын хөтөлбөрүүд шаардлагатай байна. Хүний нөөцөө дотоодоосоо бэлтгэх цэгцтэй бодлого шаардлагатай байна" гэв.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл "Шинжлэх ухааны академи нь их мэдээллийн уурхайг бий болгож байдаг. Хиймэл оюун ухааны өгөгдлийн суурийг үнэн зөв бэлдэх нь маш чухал юм. Манай улсын олон эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг компьютерт оруулах хэрэгтэй. Иймд манай ШУА бий болгосон тэр их мэдээллийн сангаа их өгөгдөлд оруулах ажилд хамтарч ажиллахад бэлэн байгаа" гэв.
Төр их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулах гэж байгаа бол хаашаа санхүү мөнгөө тавих зэрэг шийдвэрийг гаргахын тулд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах нь маш чухал байгаа билээ. Иймд энэ удаагийн хэлэлцүүлгээр тус салбарын болон хиймэл оюун ухааныг өөрсдийн ажил, бизнесийн үйл ажиллагаандаа ашиглаж буй төр, хувийн хэвшил, ОУ-ын байгууллага, ШУ-ны байгууллагын төлөөллүүд дээрх байр сууриудаа илэрхийллээ.
Үндэсний хэмжээний хиймэл оюунтай болохын тулд үнэн зөв, төр, хувийн хэвшлээс цуглуулсан үндэсний их өгөгдөл, түүний суурь бүтцийг бүтээлцэх мэргэжилтнүүд манай улсад хэрэгтэй байгааг оролцогчид онцолж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!