Уншиж байна ...

"ШИНЭ намыг албан тушаал авах төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг эсэргүүцэж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
4 цаг 58 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шударга Иргэдийн Нэгдсэн Нам /ШИНЭ нам/-ыг татан буулгаж, Ардчилсан намд нэгтгэхийг эсэргүүцэж байгаагаа тус намыг үүсгэн байгуулагчид мэдээлэл өглөө.

ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүн н.Батбаяр “ШИНЭ намын үүсгэн байгуулагчид хэвлэлийн хурал зарласан шалтгаан нь энэ намыг Ардчилсан Намд дагаар оруулж, татан буулгах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж байгаа явдал юм.

ШИНЭ намыг АН-д нэгтгэх ажлын хэсэг байгуулсан гэдэг мэдээлэл байгаа. Энэ ажлын хэсгийг байгуулахдаа намын төв зөвлөл болон гишүүдээр хэлэлцүүлээгүй. Бид өөрсдөө олж мэдсэн.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ШИНЭ нам удаа дараагийн сонгуульд ялагдсан. Намын дарга Ц.Гантулга гэдэг хүн намаа АН-д нэгтгэх биш албан тушаалаасаа огцрох ёстой. Гэтэл өнөөдөр АН-д нэгдээд албан тушаал авахыг зорьсон бусармаг үйлдэл хийж байна.

Бид АН-тай нэгдэхгүй. ШИНЭ намыг анх байгуулсан бидний нөхөд намаа аваад явъя гэдэг шаардлага тавьж байгаа юм.

Харин Ц.Гантулга нарын хүмүүс АН-д элсээд албан тушаалаа аваад яв. Битгий ШИНЭ намыг доромжлоод бай" гэв. 

ШИНЭ намын төв зөвлөлийн гишүүн н.Түвшинбаяр “2019 онд “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-ээс талбай дээр тэмцэл зохион байгуулсан. Тэр үед МАНАН дэглэмийг эсэргүүцсэн хүмүүс нэгдэж ШИНЭ намыг үүсгэн байгуулсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч суудал авч чадаагүй учраас намын дарга чөлөөлөгдсөн. Үүний дараа Ц.Гантулга гэдэг хүн дарга болсон. Энэ хүн намыг анх байгуулахад байгаагүй. 2024 оны сонгуульд ШИНЭ нам мөн л амжилт үзүүлж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор намын дарга хариуцлага хүлээх ёстой байтал АН-д элсэж, ШИНЭ намыг төлбөрийн хэрэгсэл болгон албан тушаал авах гэж байна. Үүнийг эсэргүүцэж байна" хэмээн ярилаа. 

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд нар тус намыг үүсгэн байгуулалцсан хүмүүс. Намын анхны дарга Ж.Батзандан өөрийн байгуулсан намаасаа татгалзаж, АН-д элсэн. Үүнийг нь дээр нэр нь дурдагдсан Ц.Гантулга шүүмжилж "МАНАН-гийн эсрэг гэчхээд буцаад МАНАН-тай нэгдэж байгаа хүмүүстэй бид агаар хуваалцах боломжгүй" гэж байв. 

АН-ын гишүүн болсон Ж.Батзандан хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр томилогдсон билээ. 

Гэтэл дээрх үйл явдлаас хэдхэн сарын дараа ШИНЭ намын дарга Ц.Гантулга орон нутгийн сонгуульд АН-тай нэгдэж оролцрох болсноо мэдэгдсэн. Тэрбээр "Бид АН-ын тасархайнууд. Шинэ намын гишүүд намаасаа түдгэлзээд АН-ын гишүүн болж орон нутгийн сонгуульд оролцоно" хэмээн ярьсан.