Хиймэл оюуны технологийн тэргүүлэгчдийн нэг OpenAI компанийг эзэмшдэг ашгийн бус байгууллагыг $97.4 тэрбумаар худалдаж авах саналыг Илон Маскийн тэргүүлсэн консорциум тавьжээ.
Ингэснээр Маск болон OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн нарын хооронд удаан үргэлжилж буй зөрчил улам хурцдаж магадгүй боллоо.
Одоо болтол тэдний хооронд шүүх дээр маргаан үргэлжилж байгаа.
Хиймэл оюуны технологийг ашгийн бус зорилгоор хөгжүүлэх анхны зорилгоосоо хазайсан гэсэн үндэслэлээр Олтмэнийг Маск шүүхэд өгч байсан юм.
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хувийн хэвшлийн $500 тэрбумын хөрөнгө оруулалттай Stargate төслийг зарлаж байв.
Уг төслийн цөм хэсэг нь OpenAI компани юм. Гэтэл Трампын шадар хүн Маск уг төслийг шүүмжилж байлаа.
Илон Маскийн хуульч Марк Тоберофф худалдаж авах саналыг OpenAI компанийн удирдах зөвлөлд хүргэснээ өчигдөр буюу Даваа гарагт мэдээлжээ.
“OpenAI компанийг нээлттэй эхэд суурилсан, сайн үйлсийн төлөө төвлөрч ажилладаг өмнөх хэв маягт нь буцааж шилжүүлэх цаг болсон. Бид ийм зүйл болно гэдэгт итгэлтэй байна” гэж Тоберофф хэвлэлд ярьсан байна.
Хэрвээ саналыг зөвшөөрвөл Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюуны xAI компани OpenAI-тай нэгдэх тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Маск 2015 онд Олтмэний хамт OpenAI компанийг үүсгэн байгуулалцаж байсан ч үйл ажиллагаа нь эхлэхээс өмнө салж байсан юм.
Дараа нь тэр 2023 онд OpenAI-тай өрсөлдөх зорилгоор xAI компаниа байгуулж байв.
OpenAI одоо хиймэл оюуны хамгийн хүчтэй загварыг бүтээхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын тулд ашгийн бус байгууллагаас ашгийн байгууллага болох шилжилтийг эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!