Уншиж байна ...
Зураг
Зураг

Гринланд арлын захиргаа АНУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 47 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гринландын ерөнхий сайд Муте Эдэгэ, Дани улсын ерөнхий сайд Метте Фредериксен нар

АНУ-тай батлан хамгаалах болон эрдэс баялгийн салбарт илүү ойр хамтран ажиллахад бэлэн байгаагаа Гринланд арлын өөртөө засах захиргааны тэргүүн Даваа гарагт мэдэгджээ.

Дани улсын харьяанд оршдог тус арлыг АНУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэх сонирхлоо өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп илэрхийлээд байгаа.

Арлыг нэгтгэхдээ эдийн засгийн, эсвэл цэрэг зэвсгийн аль нэг аргыг хэрэглэхээс буцахгүйгээ Трамп илэрхийлж байна.

Өчигдөр бас Дани улсын гадаад хэргийн сайд Умард туйлын бүс нутагт АНУ-ын эрх ашгийг хамгаалахад Трампын засаг захиргаатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Умард Америкаас Европ хүрэх хамгийн ойр зам дээр Атлантын далайн хойд хэсэгт оршдог Гринланд арал нь АНУ-ын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой газар юм.

Одоо тус арал дээр АНУ-ын радарын томоохон бааз байрладаг. Орчин үеийн технологийн амин чухал түүхий эд болох газрын ховор элементийн арвин нөөц Гринланд аралд бий гэж үздэг.

Трамп өмнөх засаг захиргааныхаа үед буюу 2019 онд анх Гринланд арлыг Дани улсаас худалдаж авах санаа цухуйлгаж байсан юм.

Харин хоёр дахь удаагаа Цагаан ордонд ирэхдээ тэр арлын стратегийн ач холбогдлыг улам гүнзгий ойлгосон бололтой байна.

Тэрбээр Гринланд арлыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд “маш чухал” үүрэгтэй гэж үзэж байгаа.

Гринландын өөртөө засах захиргааны тэргүүн Муте Эдэгэ өмнө нь газар нутгаа “худалдахгүй” гэж мэдэгдээд оронд нь бүх дэлхийтэй нээлттэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.

Харин Даваа гарагт Данийн нийслэл Копенхаген хотод болсон хэвлэлийн хурлын үеэр тэр Трампын шинэ засаг захиргаатай хамтын ажиллагааны яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ тэр арлын газар нутгийг хэрхэн ашиглах нь “Гринландын мэдэх хэрэг” болохыг сануулсан байна.

Йерусалем хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Дани улсын гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен “Ерөнхийлөгч Трампын шинэ засаг захиргаатай бид ямар нэг маргаан зөрчил үүсгэхийг хүсэхгүй байна. Тэр хүсэл сонирхлоо илэрхийлэх тодорхой арга барилтай хүн. Бид одоо ерөнхийлөгчтэй илүү нарийвчилсан яриа хэлэлцээ эхлүүлэх хүсэлтэй байна. Умард туйлын аюулгүй байдлын асуудалд Америкчуудын санаа зовж байгааг бид сайн ойлгож байна” гэж хэлжээ.

Дани улс Гринландтай нягт хамтран ажиллах замаар Америкийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахын тулд Трампын засаг захиргаатай яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгааг Расмуссен энэ үеэр мэдэгдсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Трамп бас Панамын сувгийг хяналтдаа авах, Канад улсыг эдийн засгийн хүчээр АНУ-д нэгтгэх зэрэг санааг ил тод илэрхийлдэг болоод байгаа.

 

Эх сурвалж: BBC