Хятад-Оросын худалдааны хэмжээ 2024 онд түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Хятадын Гаалийн Ерөнхий Газраас өчигдөр буюу Даваа гарагт танилцуулсан статистик тоо баримт харууллаа.
Өнгөрсөн онд хоёр орны хоорондын худалдааны хэмжээ $244.8 тэрбумд хүрсэн нь 2023 оны $240.1 тэрбумаас 1.9 хувиар өссөн үр дүн болжээ.
Гэхдээ 2022-2023 онд 26.3 хувиар өсөж байсантай харьцуулбал өсөлтийн хурд саарсан нь эндээс харагдаж байна.
Украины дайнтай холбоотой Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ Хятад, Орос улсуудын харилцааг улам нягтруулж байгаа.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн шинэ жилийн мэндчилгээндээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин “хоёр улс эвсэлд үл нэгдэх зөв замаар гар нийлэн тууштай урагшилж байгааг” онцлон тэмдэглэсэн байв.
Харьцуулбал өнгөрсөн онд Хятад-Америкийн худалдааны хэмжээ $688.3 тэрбумд хүрч, өмнөх оноосоо 3.7 хувиар өссөн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өмнөх засаг захиргааныхаа үед Хятад улсын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож байсан бол ирэх долоо хоногт эхлэх хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд илүү хатуу арга хэмжээ авахаа амлаж байгаа юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!