Уншиж байна ...
Зураг
Зураг

Украины асуудлаар Трамптай тохиролцох хүсэлтэй байгаагаа Путин илэрхийлэв

Т.Давааням, ikon.mn
6 цаг 41 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Украины асуудлаар Дональд Трамптай тохиролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

1987 онд “Трамп: Хэлэлцээрийн Урлаг” нэртэй ном хэвлүүлж байсан, өөрийгөө хэлэлцээрийн мэргэжилтэн гэж өргөмжилдөг Трампын хувьд Украины дайныг богино хугацаанд дуусгаж чадахаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн турш амлаж байсан юм.

Гэхдээ яаж энэ амлалтаа хэрэгжүүлэх нь тодорхойгүй байгаа.

Өчигдөр Путин жил бүрийн оны төгсгөлд гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулдаг арга хэмжээгээ зохион байгуулсан юм.

АНУ-ын шинэ ерөнхийлөгчид юу санал болгож чадахыг нь асуухад Путин ”Бид яриа хэлэлцээ хийх, тохиролцоход бэлэн гэдгээ үргэлж илэрхийлсээр ирсэн. Миний бодлоор удахгүй Украинд тулалдах хүсэлтэй хүн үлдэхгүй. Бид хэлэлцээ хийхэд бэлэн байна. Гэхдээ нөгөө тал маань бас бэлэн болох хэрэгтэй” гэж хэлжээ.

Өнөөдөр Орос улсын байр суурь суларч, хэлэлцээрийн ширээний ард суухад давуу талаа алдсан гэх ойлголтыг Путин няцааж, 2022 онд Украины дайн эхэлж байсан үетэй харьцуулахад улс орон нь хамаагүй хүчирхэгжсэнийг хэлсэн байна.

Путин бас Сирийн шинэ удирдагчдад Оросын цэргийн баазыг хадгалж үлдэх санал тавиад байгаагаа мэдэгджээ.

Ингэхдээ тэр Ойрх Дорнодын бүс нутагт Оросын нөлөө суларсан тухай яриаг “хэтрүүлэг” гэж дүгнэсэн байна.

2012 онд Сирид барьцаалагдаад сураггүй болсон АНУ-ын сэтгүүлч Остин Тисегийн хувь заяаны талаар асуухад Путин түүний хаана байгаа талаар Башар аль Ассад болон Сирийн шинэ удирдагчидтай ярилцах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан юм.

Тэр бас Орос, Хятадын харилцаа урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрснийг онцолж, уг харилцааны сайн талуудыг нь магтан ярьжээ.

Өнөөдөр хоёр улс олон улсын тавцанд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулж байгаа бөгөөд цаашдаа ч ингэхийг Путин хэлсэн байна.

Тэрбээр Украинтай яриа хэлэлцээ эхлүүлэхэд ямар нэг урьдчилсан нөхцөл шаардлага байхгүй бөгөөд Киевийн талаас Володимир Зеленский болон ер нь хэнтэй ч тохиролцоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэхдээ гэрээг зөвхөн Украины хууль ёсны эрх баригчтай байгуулахаа Путин хэлсэн юм. Кремлийн үзэж байгаагаар одоо Украины хууль ёсны эрх баригч нь тус улсын парламент гэнэ.

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч дайны улмаас сонгуулиа хойшлуулаад байгаа Зеленскийг ямар нэг гэрээнд гарын үсэг зурах эрхгүй гэж үзэж байгаа юм байна.

Дайн эхлэхэд тавьсан анхны зорилгодоо хүрэхэд ойрхон байгааг Путин энэ үеэр хэлжээ.

Одоогоор Оросын цэрэг Украины газар нутгийн 20 орчим хувийг хяналтдаа оруулж, энэ оны турш дорнод фронт дээр аажим аажмаар давшиж байгаа.

Курск мужийн нөхцөл байдлын талаар асуухад Путин эндээс Украины цэргүүдийг хөөн гаргах нь гарцаагүй гэсэн ч тодорхой хугацаа дурдаагүй юм.

Өчигдөр Путин бас Орешник дуунаас хурдан пуужингаа магтаж, Өрнөдийн агаарын довтолгооноос хамгаалах систем түүнийг зогсоож чадах эсэхийг харахын тулд дахин Украин руу харвахад бэлэн байгаагаа ярьжээ.

“Тэд цохилтыг хүлээж авах газраа өөрсдөө сонгоод тэндээ бүх агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ байрлуулаг. Үүний дараа бид Орешникоо харваж, юу болохыг нь харцгаая. Бид ийм туршилтад бэлэн, харин нөгөө тал маань бэлэн үү?” гэж тэр хэлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters