Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 18 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлдог байна.
Харин дээрх цэгүүдийн агаарын бохирдлын тав хоногийн урьдчилсан тооцооллыг Цаг уурын байгууллагаас гаргадаг болжээ.
Тухайлбал маргааш буюу 12 дугаар сарын 11-нд Толгойт, Нэгдүгээр хороолол, Баянхошуу, Бөхийн өргөө орчмын агаарын бохирдлыг цаг тутмаар нарийвчилсан бөгөөд үүрийн 05:00 цагаас бохирдол эхэлдгийг харуулсан байна. Ингэснээр өдөр, шөнийн хэдэн цагт агаар их бохирдолтой байхыг урьдчилан мэдэх боломжтой болжээ.
Дараах 18 цэгийн агаарын чанарыг автомат багажаар хэмжиж, урьдчилсан тооцооллыг гаргаж байгаа аж.
Агаарын бохирдлын тав хоногийн урьдчилсан тооцооллыг ubaq.tsag-agaar.gov.mn хаягаас харах боломжтой байна.
Төр, засгийн зүгээс одоогоор агаарын бохирдлыг шууд бууруулах шийдэлгүй, PM2.5-ыг шүүх үзүүлэлт бүхий KF94, N95 зэрэг зориулалтын амны хаалт зүүх, агаар шүүгч хэрэглэхийг л зөвлөж байна.
"Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхдүүд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон. Үндэсний хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна.
Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40%-аар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астма зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрч байна.
Хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдэж, 10,000 хүн тутамд амьсгалын замаар халдвар авах тохиолдлууд 2.7 дахин нэмэгдсэн. Монголд өвөл зуны хооронд тэмдэглэгдсэн үр зулбалт 3.5 дахин нэмэгдсэн байна" гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн судалгаанд дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!