Хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст жил бүр Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Энэ жил 11 дэх шагналын эзнийг тодруулах үйл ажиллагаа өрнөж байна.
Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан судалгаа, шинжилгээний бүтээлүүдээс шилдгийг тодруулдаг.
Эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, төрийн байгууллага болон бусад байгууллагаас нэр дэвшүүлсэн эрдэмтэн, судлаач, судлаачийн багийн туурвисан бүтээл нь ном, эсхүл гадаад улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэл байх шалгууртай. Түүнчлэн зохиогчийн эрхийн зөрчилгүй байх шаардлагатай аж.
Хууль зүйн шинжлэх ухааны салбарын оны шилдэг бүтээлд өрсөлдөх бүтээлүүдийг 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хурлын Тамгын газар хүлээн авч, “Б.Чимидийн нэрэмжит шагнал"-д нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг шалгаруулах юм байна.
Холбоо барих утас: 51-265152
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!