Уншиж байна ...

"Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгалууд" номын нээлт боллоо

Т.Цэлмэг, IKON.MN
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалууд дэлхийн олон оронд хадгалагддаг бөгөөд, эдгээр дурсгалууд нь судалгааны эргэлтэд бага орж, олон сонирхолтой түүхийн гэрч болон өнөөг хүрсэн.

Анх Олон Улсын Монгол Судлалын Холбооноос санаачлан Дэлхийд тархсан Монгол өв төслийг одоогоос 10-аад  жилийн өмнө эхлүүлж байв. Энэ хугацаанд олон орны архив, музей, номын сан, хувь хүмүүсийн цуглуулга дахь монголчуудтай холбоотой түүх, соёлын эд өлгийн зүйлсийг эрэн хайж, судлан шинжилсний үр дүнд 10 гаруй ботийг цуврал болгон хэвлүүлжээ.

Төслийн удирдагч С.Чулуун 2018 онд анх ХБНГУ-ын Берлин хот дахь Угсаатны зүйн музейн сан хөмрөгтэй танилцаж,тус музейд хадгалагдаж буй Монголын түүх, угсаатны зүй, соёлтой холбоотой сонирхолтой эд өлгийн зүйлсийг үзэж, хамтран нийтлүүлэх хүсэлт тавьснаар Герман-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд “Герман дахь монголчуудын түүх, соёлын дурсгал” бүтээлийг хэвлүүлснээр албан ёсоор номын нээлтээ хийж байна.

Нээлтийн ажиллагаанд ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төслийн удирдагч, номын ерөнхий редактор С.Чулуун, Хумбольт форумын захирал, Угсаатны музейн захирал Ларс Кристиан Кох, ХБНГУ-ын Элчин Сайдын Яамны Дэд тэргүүн Ханна Бекер болон бусад албаны хүмүүс оролцож үг хэллээ.

Уг төслийг Чингис хаан Үндэсний музейгээс хэрэгжүүлж, Берлин хотын Хумбольдт Форум дахь Угсаатны зүйн Улсын музейтэй хамтран цувралын нээлтийг өнгөрсөн сард Берлинд хийсэн юм.

Уг бүтээлд Берлиний Угсаатны зүйн музейн Монголын угсаатны холбогдолтой олдворуудын томоохон цуглуулгын бүгдийг бус, харин тосон зураг, зан үйлийн бичвэрүүд, хувь цуглуулагчийн болон шашны эд зүйлсийг түүвэрлэн оруулснаараа онцлог юм.

Тухайлбал нэгдүгээр бүлэгт Берлиний Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй Монгол өвүүд болох Монгол, Манж ноёд, түшмэдийн тосон хөрөг, Ролби Доржийн залгамж цомог, хоёрдугаар бүлэгт Берлиний угсаатны зүйн үндэсний музейд хадгалагдаж буй шашны холбогдолтой өвүүд болох загал зураг, гуу-буюу гүнгэрваа-хотлыг баясгах хүрээ болон түүхэн гэрэл зургуудыг багтаасан бол гуравдугаар бүлэгт Берлин хотын Улсын номын сан дахь Монгол цуглуулгад багтах Турфаны цуглуулга, монголын газрын зургууд болон алдарт Диез цомгийн зургуудыг багтаасан.

Герман Улсад хадгалагдаж буй Монголын соёлын дурсгалт зүйлсийн цуглуулга нь музейн мэргэжилтнүүд, олон нийтийн анхаарлыг ямагт татсаар ирсэн бөгөөд бүр 1930 онд "Хойд Азийн урлаг, соёл" тусгай үзэсгэлэн, 1933 онд "Монгол ардын аж байдал" тусгай үзэсгэлэн, 1935 оноос эхлэн Угсаатны зүйн музейн байр байсан Königgrätzer Strasse-д Монгол соёлын тухай байнгын үзэсгэлэн,1973 оноос эхлэн байнгын үзэсгэлэнгүүд гарч Монголын тухай үзэсгэлэнг зохион байгуулж байсан аж.  

ФОТО

 

Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний Музей