Уншиж байна ...

"Аврагчид хамгаалах хувцас, хэрэгсэлгүй хэр нь цэргийн хувцас өмсөөд гүйлдээд байдаг. Хамаг мөнгө нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийрхэлд зарцуулагдаж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 12 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг байнгын хороодоор хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шадар сайдын багц дахь онцгой байдлын байгууллагатай холбоотой төсвийн таналт байна. Сургалт, семинар, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах зардлыг 50 хувь хассан юм байна. Онцгой байдлын байгууллагын дотоод сургалт, мэргэжлийн зааварчилгаа өгөх, дадлагажих үйл ажиллагааг нь 50 хувиар хасахаар одоо муу байгаа чадвар нь цаашид бүр муудаж болзошгүй харагдаж байна.

Газ дэлбэрэхэд яаж ажиллах талаар ямар ч мэдлэг, туршлагагүй байсан. Тиймээс энэ асуудалд анхаараасай гэж хэлэх гэсэн юм.

Ер нь онцгой байдлын албыг төрийн цэргийн байгууллага болгосон нь хамгийн том алдаа. Үр ашиггүй төсөв, зардал маш их байгаа.

Шаардлагатай хувцас, хэрэгслээ авч чадахгүй хэр нь цэргийн хувцас өмсөөд гүйлдээд байдаг. Хамаг мөнгө нь даргын өмнө жагсах, цэрэг болж тоглох хийрхэлд зарцуулагдаж байна.

Дэвшилттэй, иргэний эрхийг хамгаалдаг улс орнуудад тусгай байгууллага дотроо аль нь дүрэмт хувцас өмсөх үү гэдгийг нарийн заасан байдаг. Гэтэл манайд нярав байсан ч дүрэмт хувцас өмсөөд, захиргааны ажил хийсэн ч тусгай хангамж авах гээд, цол зэргийн нэмэгдэл авах гээд төсөвт ачаа болдог. Үүнийг цэгцэлмээр байна.

Цэргийн дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй байгууллагуудаа иргэнийнх болгомоор байна. Тэгэхгүй бол төсвийн хөрөнгө гарын салаагаар урсаж байна.

Төсвийг үр ашигтай болгоё гэвэл доторх задаргаанууд дээр сайн ажиллах хэрэгтэй. Механик таналт хэрэггүй" гэв.