Уншиж байна ...

Хэдэн зуун мянган амьтан хяддаг дэлхийн хамгийн том тахилын зан үйл Балба улсад үргэлжилж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэдэн зуун жилийн настай дэлхийн хамгийн том тахилын зан үйл болох Гадхимай наадам өчигдөр Балба улсад эхэлжээ.

Энэтхэг-Балбын хил орчмын Барияпур хэмээх жижиг хотын Гадхимай сүмд таван жил тутамд болдог наадмын үеэр Хиндү шашны дар эхийг тайтгаруулах зорилгоор одос үхэр, ямаа, тахиа, нугас, тэр ч байтугай хулгана хүртэл төрөл бүрийн амьтдыг олон мянгаар нь нядалдаг уламжлалтай.

Амьтны эрхийг хамгаалах байгууллага, хөдөлгөөнүүд байнга шүүмжилж, хориглохыг уриалдаг ч Ням гарагаас Даваа гарагт үргэлжлэх энэхүү тахилын зан үйлийг олон сая хүн үзэж, 500,000 амьтны амийг таслах урьдчилсан тооцоо гарчээ.

Энэ жил тахил өргөх амьтны тоо өмнөх хоёр наадмынхаас хоёр дахин нэмэгдсэн байна.

зураг
 

Гэхдээ сүүлийн жилүүдэд Хиндү шашны нөлөө бүхий удирдагчид амьтны амь тасалж, тахил өргөхөөс зайлсхийхийг сүсэгтнүүдэд уриалдаг болоод байгаа.

Тухайлбал өнгөрсөн сард янз бүрийн сошиал сувгаар нийт 70 сая орчим дагагчтай Энэтхэгийн шашны зүтгэлтэн Ачаря Прашант “Гадхимай наадмын үеэр амьтны амь таслахыг тэвчихийг” уриалж байв.

“Сүсэг бишрэл нь харгислал биш, энэрэн нигүүлсэх сэтгэлийг өдөөх ёстой. Бурхны нэрээр амьтан нядлах нь шүтлэгийн хүчийг бууруулна” гэж тэр айлдаж байжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд амьтны эрхийг хамгаалах хөдөлгөөнийхний тэмцэл зарим үр дүнд хүрээд байгаа.

Тухайлбал 2014 онд идэвхтэн Гаури Маулекигийн гаргасан өргөдлийн дагуу Балбын хилээр амьд амьтан нэвтрүүлэхийг хориглох шийдвэрийг Энэтхэгийн засгийн газар гаргаж байв.

Ингэснээр Гадхимай наадамд Энэтхэгээс оролцох сүсэгтнүүд тахилын амьтнаа тээвэрлэн авч явах боломжгүй болжээ.

зураг
 

2016 онд Балбын дээд шүүх иргэдийн ухамсрыг дээшлүүлж, холбогдох хууль тогтоомжуудыг санаачлах замаар амьтнаар тахил өргөх зан үйлийг үе шаттайгаар зогсоох чиглэлийг засгийн газартаа өгч байв.

Гэсэн хэдий ч Балбын засгийн газар шүүхийн зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ хойрго хандсаар байна.

Энэ жилийн наадмыг угтуулан Humane Society International India байгууллагын сайн дурынхан Энэтхэг-Балбын хилийн хэд хэдэн боомт дээр иргэдэд ухуулан сэнхрүүлэх ажлыг эхлүүлжээ.

“Бид хүчин чармайлтаа уйгагүй үргэлжлүүлж, хүмүүсийн ойлголтыг өөрчилбөл золиослогдох амьтны тоог улам бүр бууруулж чадна. Үүнд асар их боломж байгаа бөгөөд хэзээ нэг цагт энэ зан үйлийг зогсоож чадна гэдэгтээ бид итгэлтэй байна” гэж дээрх төрийн бус байгууллагын засгийн газартай харилцах асуудал хариуцсан менежэр Аркаправа Бхар ярьж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post