Бямба гарагт Парис хотод сэргээн босгосон Нотр Дамын сүмийг нээх ёслолын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар уулзсан юм.
Энэхүү уулзалтын маргааш Трамп сошиал хуудсаараа нэн даруй гал зогсоохыг Украины дайнд оролцогч талуудад уриалжээ.
“Талууд галаа зогсоож, яриа хэлэлцээ яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Дэндүү олон хүний амь нас дэмий үрэгдэж, дэндүү олон гэр бүл сүйрч байна” гэж тэр мэдэгдсэн юм.
Украин улс “400,000 цэргээс гадна олон мянган энгийн иргэнээ энэ дайнд алдсаныг” Трамп бас нэмж дурджээ.
Гэхдээ түүний дурдсан тоо алагдсан болон шархадсан цэргийн нийт тоо бололтой.
“Зеленский болон Украин улс тохиролцоонд хүрч, энэхүү солиорлыг зогсоохыг хүсэж байна” гэж Трамп цааш нь бичжээ.
Парис хотод Трамптай хийсэн уулзалт нь “сайн үр дүнтэй” болсныг Зеленский өчигдөр бас сошиал хуудсаараа мэдээлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэдний уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон санаачлан зохион байгуулжээ.
Зеленский өчигдөр бас Украины армийн хохирлын талаар тоо баримт дэлгэсэн нь ховор тохиолдол байлаа.
Энэ дайнд Украины армийн 43,000 алба хаагч алагдаж, 370,000 орчим цэрэг шархадсаны тал нь эмчлүүлсний дараа дахин фронтод явсныг тэр мэдээлжээ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Украины дайныг 24 цагийн дотор зогсоож чадахаа амлаж байсан Трампын бодлого хэрхэн хэрэгжих нь нууц хэвээр байгаа.
Тэрбээр чөлөөндөө гарсан генерал Кэйт Келлогийг Орос, Украины асуудал хариуцсан тусгай элчээр томилох шийдвэрийг зарласан.
Келлог өмнө нь Киев, Москвагийн эрх баригчдыг яриа хэлэлцээний ширээнд суулгахаар шахах, хэрвээ Путин үүнийг зөвшөөрөхгүй бол Украинд үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх замаар Оросын талыг хөшүүрэгдэх боломжийн талаар ярьж байжээ.
Бараг гурван жил үргэлжилж буй дайнд Украины нийгэм туйлдаж, сүүлийн үед Оросын талд эзлэгдсэн газар нутгаа үлдээгээд гал зогсоох нөхцөлийг зөвшөөрөх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэх мэдээлэл бий.
“Гуравны нэг орчим нь ямар ч тохиролцоо хийхийн эсрэг, өөр гуравны нэг нь буулт хийх замаар тохиролцох, үлдсэн гуравны нэг нь тодорхой саналгүй байна” гэж Украины улс төрийн шинжээч Володимир Фесенко саяхан олон нийтийн санаа бодлын талаар хэвлэлд ярьжээ.
Сүүлийн саруудад Оросын армийн хүний тоогоор хүч түрэх “махны машин” тактик үр дүнгээ өгч, фронтын шугам дагуу давшилт нь эрчимжиж байгаа.
Энэ нь Украины талыг хүн хүчний болон зэр зэвсгийн хомсдолд оруулж байна.
Хэрвээ Трамп тангараг өргөснийхөө дараа АНУ-аас үзүүлдэг зэр зэвсгийн тусламжийг бууруулбал байдал улам хүндрэх юм.
“Би түүнд (Трамп) шударга, найдвартай энх тайван тогтоох хүсэлтэй байгаагаа хэллээ. Хэдхэн жилийн дараа Оросууд нураасан өмнөх тохиолдол шиг биш” гэж Зеленский өчигдрийн мэдэгдэлдээ өгүүлжээ.
Хэдийгээр Трамп дайн зогсоох талаар өөдрөг бодолтой байгаа ч Путинд тийм сонирхол байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Тэрбээр Крымийн хойг болон 2022 оноос хойш хяналтаа тогтоосон Украины дөрвөн бүс нутгийг авах, дээр нь Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх шаардлага тавьж байгаа.
Эдгээр нь Киевийн эрх баригчдын хувьд хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөлүүд юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!