Уншиж байна ...

Эрх баригч намын гишүүд санал хураалтыг эсэргүүцсэний үр дүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч суудалдаа үлдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Улс орондоо онц байдлын дэглэм тогтоосон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт өчигдөр тус улсын парламентад зохион байгуулагдах байв.

Гэвч эрх баригч Ардын Хүч намын гишүүд санал хураалтын өмнө чуулганы танхимыг орхин гарсны улмаас ерөнхийлөгч суудалдаа үлдэж чадсан байна.

Хэрвээ Өмнөд Солонгосын парламент Үндэсний Ассамблейн 300 гишүүний гуравны хоёр буюу 200 гишүүн дэмжвэл ерөнхийлөгчийг огцруулах үйл явц эхлэх байлаа.

Ийм үр дүнд хүрэхийн тулд сөрөг хүчний намуудын 192 гишүүнтэй эрх баригч намын найман гишүүн нэгдэх ёстой байв.

Гэвч эрх баригч намын 108 гишүүн чуулганы танхимыг орхин гарсан тул санал хураалт явуулахад шаардлагатай ирц хүрээгүй юм.

Ассамблейн спикер У Вон Шик гишүүдийг танхимдаа буцан ирж, санал хураалтад оролцохыг уриалсан ч ганцхан гишүүн буцаж ирсэн байна.

Чуулганаас өмнө эрх баригч намын зарим гишүүд Юн Сүк Ёлыг огцруулахыг дэмжиж байгаагаа мэдэгдэж байсан ч өчигдөр өглөө ард түмнээс уучлал гуйсных нь дараа бодлоо өөрчилсөн бололтой.

Бямба гарагийн өглөө ерөнхийлөгч Юн Сүк Ёл телевизээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ “улс орондоо эмх замбараагүй байдал үүсгэсэндээ уучлал гуйж, дахин онц байдлын дэглэм зарлахгүйгээ амласан” юм.

Гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан нам санал хураалтад оролцоогүй эрх баригч намын гишүүдийг шүүмжилж, ерөнхийлөгчийг огцруулах үйл ажиллагаагаа зогсоохгүйг амласан байна.

Тэд долоо хоног бүр санал хураалт явуулах оролдлогоо давтахыг энэ үеэр мэдэгджээ.

“Ардын Хүч нам бол ардчилсан нам биш. Энэ нам бол төрийн эсрэг бослогод идэвхтэй оролцсон гэмт хэрэгтэн, урвагч юм. Бид импичментийн санал хураалтыг дахин санаачилж, энэ оны эцэс гэхэд батлуулах болно. Бид парламентын ээлжит чуулганы хугацаа дууссаны маргааш буюу арванхоёрдугаар сарын 11-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, 14-ний өдөр дахин санал хураалт зохион байгуулна” гэж тус намын тэргүүн И Жэ Мюн мэдэгдсэн юм.

Харин эрх баригч нам онц байдлын дэглэм тогтоох болсон шалтгааныг мөрдөн шалгаж, үүссэн тогтворгүй байдлыг аль болох хурдан арилгахаа мэдэгджээ.

“Төрийн үйл хэрэгт эмх замбараагүй байдал үүссэн энэ үед импичментийн санал хураалт явуулах нь зохимжгүй гэж бид үзэж байна. Ийм үйлдэл дахин давтагдах ёсгүй” гэж Ардын Хүч намын төлөөлөгч Шин Дон Ук хэлсэн байна.

Гэхдээ тус нам ерөнхийлөгч Юн Сүк Ёл буруутай нь мөрдөн шалгалтаар тогтоогдвол хариуцлага тооцохоо амлажээ.

зураг
 

Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар парламент санал хураалт явуулж чадаагүй нь ард иргэдийн бухимдлыг улам хурцатгаж магадгүй байна.

Өчигдөр 15:00 цагаас хойш олон зуун мянган иргэн парламентын байрны гадна цугларч, санал хураалтын үр дүнг хүлээж байв.

Баасан гарагийн байдлаар Юн Сүк Ёлын рэйтинг 13 хувьд хүрч, 2022 оны тавдугаар сард тангараг өргөснөөсөө хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрснийг Gallup Korea байгууллагын судалгаа харуулжээ.

Пүрэв гарагт явуулсан санал асуулгад оролцогчдын 74 хувь нь Юн Сүк Ёлыг огцруулахыг дэмжсэн байна.

 

Эх сурвалж: BBC