Япон улсын нийслэл Токио хотын захиргаа дөрөвдүгээр сард эхлэх ирэх санхүүгийн жилээс ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт шилжих төлөвлөгөөг энэ долоо хоногт зарлажээ.
Энэ нь ажилтнуудын ар гэртээ анхаарал тавих боломжийг нэмэгдүүлэх замаар төрөлтийг дэмжих зорилготой юм байна.
Үүнээс гадна бага сургуулийн нэгээс гуравдугаар ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалингаасаа бага хэмжээгээр суутгуулаад ажлаас эрт тарах боломжийг олгохоор болжээ.
“Бид ажлын арга барилаа уян хатан болгон өөрчлөх замаар хүүхэд төрүүлэх, хүүхэд асрах гэх мэт хувийн амьдралын шаардлагын улмаас хэн ч ажлын байраа орхихгүй байх боломжийг баталгаажуулах болно. Манай үндэстэн хүнд хэцүү үеийг туулж буй энэ үед Токио хот иргэдийнхээ амьдрал ахуй, эдийн засгийг хамгаалах, сайжруулах чиглэлд санаачилга гаргах цаг нь болсон” гэж Лхагва гарагт тавьсан илтгэлдээ Токио хотын захирагч Юрико Коикэ хэлсэн юм.
Хэдийгээр Японы засгийн газар залуусыг гэр бүлтэй болохыг дэмжсэн янз бүрийн бодлого явуулж байгаа ч төрөлтийн түвшин жил дараалан буурсаар энэ оны зургаадугаар сард түүхэн доод хэмжээндээ хүрсэн.
Тухайлбал өнгөрсөн онд Японд дөнгөж 727,277 хүүхэд мэндэлж, эмэгтэйчүүдийн амьдралынхаа турш төрүүлсэн хүүхдийн дундаж тоо 1.2 хүрсэн юм.
Хүн амын тоо тогтвортой хэмжээнд байхын тулд энэ үзүүлэлт 2.1 байх ёстой.
Судлаачид тус улсын хүн амын бууралтыг ажлын өндөр ачаалал, амьжиргааны зардлын өсөлттэй холбон тайлбарладаг.
Бусад улсуудын нэгэн адил Японы эмэгтэйчүүдэд ажлын байр, гэр бүл хоёрын нэгийг сонгох хэцүү шаардлага тулгардаг.
Дэлхийн Банкнаас гаргасан ажиллах хүчний хүйсийн харьцааны судалгаагаар өнгөрсөн онд Японы хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 55 хувь, эрэгтэйчүүдийн 72 хувь ажил эрхэлж байжээ.
Энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад хамгийн их зөрүү юм.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!