Уншиж байна ...

АНУ-ын эрдэмтэд нүүрсний үнснээс газрын ховор элемент илрүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн уур амьсгалыг өөрчилж, байгаль орчныг бохирдуулдаг түлш хэмээн муу хэлэгддэг нүүрсийг шатаасны үр дүнд асар их үнс гардаг.

Тэгвэл энэ хаягдал нь орчин үеийн технологийн чухал түүхий эд болох газрын ховор элементийн эх үүсвэр болохыг эрдэмтэд тогтоожээ.

Тэд АНУ-ын нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас цуглуулсан үнсний дээжүүдийг шинжлээд уг хаягдалд 11 сая тонн хүртэл хэмжээний газрын ховор элемент байх боломжтой гэж дүгнэсэн байна.

Энэ нь АНУ-ын дотоод нөөцийн хэмжээнээс найм дахин өндөр хэмжээ юм.

АНУ-ын газрын ховор элементийн нөөц $8.4 тэрбумаар үнэлэгдэх хэмжээтэйг Остин дахь Техасын Их сургуулийн судлаачид саяхан тогтоож байжээ.

Үүнийг шинээр олборлолт явуулалгүйгээр газрын ховор элементийн их хэмжээний нөөцтэй болох боломж гэж судлаачдын ахлагч, Техасын Их сургуулийн Геологийн ухааны сургуулийн профессор Брижет Скэнлон үзэж байна.

“Энэ бол хог хаягдлаас эрдэнэсийн авдар олсон гэсэн үг юм” гэж тэр хэлжээ.

Газрын ховор элементэд дэлхийн бөмбөрцгийн цөмд байдаг сканди, неодим, иттри зэрэг металлууд багтдаг.

Эдгээрийг цахилгаан автомашин, нарны хавтан, салхин турбин зэрэг цэвэр эрчим хүчний технологиудад ашигладаг юм.

Хэдийгээр ховор гэж нэрлэгдсэн ч байгальд тийм ховор биш байдаг. Гол нь эдгээрийг хүдрээс олборлож, ялгахад хэцүү тул эрэлт нь үргэлж нийлүүлэлтээсээ давдаг юм.

Газрын ховор элементийн эрэлт 2040 он гэхэд одоогийнхоосоо долоо дахин нэмэгдэх тооцоог Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг гаргасан байдаг.

АНУ-ын хувьд шаардлагатай нөөцийнхөө 95 хувийг импортоор, тэр дундаа Хятад улсаас голдуу авдаг.

Гэхдээ нүүрсний үнснээс гаргах металлын хэмжээ шууд байгалиас олборлохоос бага хэмжээтэй юм байна.

Гол давуу тал нь олборлох шаардлагагүй, бэлэн байгаад оршиж байгаа ажээ.

АНУ-д жил бүр цахилгаан станцуудаас 70 сая тонн орчим үнс гардаг гэнэ.

Гэхдээ нүүрсний гарал нь газрын ховор элементийн нөөцийг тодорхойлж байгааг дээрх судалгаа харуулжээ.

Тухайлбал Аппалачийн уурхайн нүүрсний үнс хамгийн их нөөцтэй ч дөнгөж 30 хувийг нь ялгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна.

Харин Вайомин, Монтана мужуудыг дамнан оршдог Паудер голын сав газраас олборлосон нүүрсний үнс хамгийн бага нөөцтэй ч 70 хувийг нь ялгах боломжтой байжээ.

Бас нэг асуудал нь үнснээс металл ялгаж авахад зардал өндөр байх тооцоо гарсан байна.

Тиймээс хаанахын үнснээс ялгаж авахыг сонгохдоо гарц, зардлын харьцааг үнэлэх хэрэгтэй гэнэ.

Гэхдээ дээрх судалгааг хийсэн эрдэмтэд ялгаж авахад гарах зардлыг нүүрсний үнсийг хадгалах, зохицуулахтай холбоотой гардаг зардалтай харьцуулж байж эдийн засгийн үр ашгийг нь тооцох ёстой гэж дүгнэжээ.

Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа энэ оны дөрөвдүгээр сард газрын ховор элементийг нүүрс, хог хаягдлаас гаргах судалгааны төслүүдэд $17.5 саяын хөрөнгө оруулах шийдвэр гаргасан.

Өнөөдөр АНУ даяар хоёр тэрбум гаруй тонн нүүрсний үнс хадгалагдаж байгааг тус улсын эрчим хүчний яам мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: CNN