Мал тооллого улсын хэмжээнд энэ сарын 7-17-нд зохион байгуулагдана.
Энэхүү тооллого нь малчдын хувьд хөрөнгөө баталгаажуулж, цаашид тэтгэвэр тогтоолгох, зээл авах, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах зэрэг олон боломжийг олгодог тул идэвхтэй бөгөөд хариуцлагатай оролцохыг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос уриаллаа.
Мал тооллогын ач холбогдлын талаар ҮСХ-ны Эдийн засгийн статистикийн газрын дарга М.Оюунжаргалаас тодрууллаа.
- Мал тооллогын зорилго, ач холбогдол нь юу вэ. Яагаад тооллого хийх ёстой талаар тодруулъя?
- Статистикийн байгууллага 1961 оноос эхлэн нэгдсэн арга зүйгээр бүх нутаг дэвсгэрийг хамруулан тогтсон хугацаанд мал тооллогыг зохион байгуулдаг болсон. Яагаад жилийн эцэст явуулдаг болсон бэ гэхээр өвлийн цагт малчид өвөлжөөндөө суурин байдаг учраас энэ хугацааг сонгосон. Энэ уламжлалын дагуу 2024 оны арванхоёрдугаар сарын 7-17-нд мал тооллогыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангалаа.
Манай байгууллагаас аймаг, орон нутагт зөвлөмжөө хүргүүлж, тэр дагуу аймаг, орон нутаг нь мал тооллогын комиссоо байгуулаад байна.
Нэгдүгээрт Үндсэн хуульд мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг тул бид жил бүр малаа тоолдог. Хоёрдугаарт хөдөө аж ахуй нь манай улсын эдийн засгийн гол салбар. 2000-аад оны үед Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-ий 18-20 хувийг эзэлж байсан. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын эзлэх хувь өссөнөөр хөдөө аж ахуйнх нь буурч байгаа ч томоохон салбар хэвээрээ. Одоогоор ДНБ-ий 10 орчим хувийг эзэлж байна. Мөн нийт ажиллагсдын 20 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг.
Түүнчлэн мал аж ахуйн салбар бол хүн амын хүнсний аюулгүй байдал, хангамж, нийлүүлэлт, үйлдвэрлэлийн чухал салбар. Мах, сүү, ноос, ноолуур гээд бүх төрлийн түүхий эдийн бэлтгэл. Ажиллах хүчний 20 орчим хувийг бүрдүүлж буй малчдын амьдрал ахуй, хүндрэл бэрхшээл, нийгэм эдийн засгийн харилцаанд орж буй байдал зэргийг мал тооллогын мэдээлэлд үндэслэн гаргадаг.
- Бодлого тодорхойлох түвшинд чухал тоонууд мал тооллогоор гаргадаг байх нь. Тэгвэл малаа тоолуулснаар малчдад ямар үр ашигтай юм бэ?
- Тун чухал асуулт байна. Бид 2014 он хүртэл сум, баг, хорооны түвшинд тоон мэдээллээ нэгтгэсэн дүнгээр авдаг байлаа. Харин 2014 оноос эхлээд өрхөөр нь мэдээллийг бүртгэдэг болсон. Өрх бүрээр малын тоо, орлого, зарлагын хөдөлгөөнийг нь гаргадаг болсон. Мал тооллогын цахим сан ийнхүү бүрдсэнээрээ малчдыг ашиглах боломжийг нь нээсэн юм.
Малчид малаа тоолуулсны үр ашиг юу байх вэ гэдэг нь энэ сангийн ашиглалтаар илэрдэг. Энэхүү санг e-Mongolia системтэй холбосон тул малчид лавлагаа байдлаар авч болно.
Жишээлбэл малчид банканд очиж зээл авахад Мал тооллогын цахим санд бүртгэгдсэн мэдээлэлд нь үндэслэж тооцооллоо хийдэг. Түүнчлэн төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд ямарваа нэг төрлийн урамшуулалд хамрагдахад ашиглана. Жишээлбэл мах, сүүний урамшуулал олгоход мал тооллогын мэдээлэлд үндэслэдэг. Мөн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, гадаад улсын визэд орох, даатгалын үйлчилгээ зэрэгт дээрх мэдээллийг ашиглана.
Малчид ямар үүрэг хүлээх вэ гэхээр
Тооллого үнэн зөв явагдаж, бүртгэгдсэнээр малчдад дээрх боломжууд нээгддэг учраас маш хариуцлагатай хандахыг хүсэж байна.
- Энэ оны мал тооллогод төрийн хэдэн албан хаагч оролцох вэ?
- Жил жилийн хөрөнгө мөнгө, хүний нөөцийн боломжоос шалтгаалан харилцан адилгүй. Дунджаар 10-12 мянган төрийн албан хаагч оролцдог. Мөн төрийн албан хаагч хүрэлцэхгүй бол багш, бусад төрийн албан хаагч, мэдээллийг өмнө нь цуглуулж байсан туршлагатай ахмад хүмүүсийг оролцуулан нэг суманд 5-6 баг гаргадаг.
- Мал тоолох явцад ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
- Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж малчид аймаг, орон нутаг шилжин отроор нүүгээд явдаг. Ингэснээр хол газар зорьж очиж тоолоход хүндрэл гарч, зарим өрх орхигдох магадлал өндөр. Иймд малчид өөрийн хөрөнгийг баталгаажуулах үйл ажиллагаанд хамрагдаж чадаагүй байвал тухайн орон нутгийн эсвэл отроор яваа газрынхаа засаг захиргаанд малаа тоолуулахаар хандах ёстой.
Мөн өрх хуваагдсан байх тохиолдол их. Нэг хэсэг нь малаа хараад үлдсэн байхад нөгөө хэсэг нь сургуульд сурч буй хүүхдээ харж хандахаар төв бараадсан байдаг тул хаанаа бүртгүүлэх вэ гэдгээ тогтож, засаг захиргаандаа мэдэгдэх хэрэгтэй.
Алдаа дутагдал гарсан байвал маш хурдан засуулах ёстой.
- Сүүлийн жилүүдэд малчдын тоонд ямар өөрчлөлт гарч байна вэ?
- Нийтэд нь малтай өрх гэж ярьдаг бөгөөд энэ нь дотроо мал бүхий өрх болон малчин өрх гэж ангилна.
Мал бүхий өрх гэдэг нь өөрийнхөө амьжиргаанд дэмжлэг болгох буюу мах, сүү саалийг нь авдаг өөр ажил эрхэлдэг, малтай өрх гэсэн үг.
Харин малчин өрх гэдэг нь жилийн дөрвөн улиралд малаа малладаг, амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй болсон өрхүүд.
Мал тооллогын дүн мэдээ нь олон салбарын мэдээллийн эх үүсвэр болдог. Дээр хэлсэнчлэн малчид тэтгэврээ тогтоолгох, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах, мөн татвар ногдуулахад ашигладаг.
Малчдад малын тооноос шалтгаалж татвар ногдуулан сум, орон нутагт нь төвлөрүүлснээр тэр орлогоор орон нутгийг хөгжүүлнэ. Малчид малын тоо толгойд нийцүүлэн татвараа төлснөөр ая тухтай, сайхан амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд ашиглагдаж буй. Жишээлбэл хүүхэд нь дотуур байранд амьдардаг бол засвар хийхэд татвараар бүрдсэн мөнгийг зарцуулдаг тул үнэн бодитоор мэдээллээ өгөх хэрэгтэй. Үүнийг малчид сайтар ойлгодог болсон.
- Мянгат малчдын тоо өсөж байна уу, буурч байна уу?
- 2023 оны байдлаар малтай өрх дотор 8.9 мянга нь мянгаас дээш малтай байна. Энэ нь өмнөх жилийнхээсээ 3.3 мянгаар буюу 27.1 хувиар буурсан. Мянгат малчны тоо жилээс жилд буурч байгаа. Энэ нь бэлчээр талхлагдахаас сэргийлэх, зудыг хохирол багатай даван туулахын тулд эдийн засгийн эргэлтэд оруулах, малаа чанаржуулах зорилго зэрэгтэй холбоотой. Малчид тоонд бус чанарт анхаарч байгаа.
- Оны эхэнд зуд болсны уршгаар нэлээд мал хорогдсон. Өмнөх жилийн мөн үеэс мал цөөрсөн болов уу. Урьдчилсан дүнг хэзээ танилцуулах вэ?
- 2024 оны эхний есөн сарын байдлаар 8.1 сая толгой мал хорогдсон. Оны эхний малын 12.6 орчим хувь нь хорогдсон. Гэхдээ мал тооллогоор эцэслэгдэх бөгөөд урьдчилсан дүнг энэ сарын сүүлээр танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!