Уншиж байна ...

Е.Хулан: Хөдөө явахдаа хөшөө дурсгал дээр бичих, зурах, сүү, тос асгах зэрэг нь соёлын биет өвийг эвдэлж устгаж буй явдал

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: УЕПГ

Иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо соёлын үл хөдлөх дурсгалыг гэмтээх тохиолдол гарч байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас мэдээллээ. 

Тодруулбал Дундговь аймгийн хэмжээнд 2024 оны гуравдугаар улирлын байдлаар зөрчлийн шинжтэй 1,152 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хэргүүд зонхилон үйлдэгдэж байна.

Тус аймаг нь соёлын үл хөдлөх дурсгал олонтой, эртний булш хиргисүүр, тахилын онгон, бичигт хадны бичээс, сангийн далай хийдийн цогчин дуган, хадны зураг зэрэг олдворууд нь түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог.

Иргэд хөдөө, орон нутагт зорчихдоо соёлын үл хөдлөх дурсгалыг гэмтээх, эртний олдворыг мэргэжлийн байгууллагаар археологийн дүгнэлт гаргалгүйгээр зарж, борлуулах зэргээр төрд хохирол учруулдаг.

Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан байдаг. Түүх соёлын дурсгалт зүйл болон үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах, соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх, хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх зэрэг үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог.

Энэ талаар Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Е.Хулан "Дундговь аймаг нь соёлын биет өвөөр баялаг нутаг юм. Үүнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.

Дундговь аймгийн прокурорын газраас эртний хоёр хиргисүүр эвдсэн, гэмтээсэн хэрэг болон сүм хийдэд хууль бусаар нэвтэрч соёлын хөдлөх өвийг хулгайлсан гэх гэмт хэргүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Иргэд соёлын өвийн гэмт хэргийн талаарх эрх зүйн мэдлэггүйгээс хөдөө орон нутагт аялал зугаалгаар явахдаа хөшөө дурсгал дээр юм бичих, зурах эсвэл сүү, тос асгах зэргээр соёлын биет өвөө эвдэлж гэмтээж устгаж байдаг.

Аливаа археологийн олдвор олдсон тохиолдолд хуулийн дагуу бүртгэлжүүлэх шаардлагатайг мэддэггүйн улмаас гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг.

Соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд соёлын өвийг төрийн өмч гэж харахаас илүүтэйгээр таны, миний, бидний өмч юм гэдэг нүдээр харж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой" гэлээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/prosecutor.mn/videos/1920603435100971