Уншиж байна ...

Д.Тэгшбаяр: Төрийн өмчийн 99 компанийн ердөө тав нь ашигтай ажиллаж байна

П.Сайнжаргал, IKON.MN
7 цаг 22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компани, нээлттэй хувьцаат компаниудын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн хараат бус гишүүдийн үүрэг оролцоо, хяналтыг сайжруулах, олон нийтэд сурталчлан таниулах тухай хэлэлцүүлэг "Блю Скай" зочид буудалд өнөөдөр боллоо. 

2024 оны зургаадугаар сарын байдлаар (ЗГХЭГ,ЭХЯ, СЯ, УУХҮЯ, БХБЯ, ХХААХҮЯ, Эрдэнэс монгол ХХК-ны төлөөлөл хэрэгжүүлдэг компаниудыг оролцуулан) нийт судалгаанд хамрагдсан 51 компанийн ТУЗ үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

ТУЗ-ийн нийт 458 гишүүн ажиллаж байгаагаас

  • хараат бус 148
  • төрийн төлөөлөл хэрэгжүүлж буй 310 гишүүн байгаа мэдээллийг ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнээс тодруулсан юм. 
зураг
 

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийн ТООН СУДАЛГАА: 

  • Эрчим хүчний яам 104
  • Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 68
  • Зам, тээврийн хөгжлийн яам 11
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газар 22
  • Сангийн яам 20
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 5
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 23
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам 1
  • Хууль зүй, дотоод хэргийн яам 2
  • Бусад яам, агентлаг 55

Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн хараат бус үйл ажиллагааны талаарх оролцогчдын байр суурийг хүргэж байна. 

"Өр, хөрөнгийн харьцааны хувьд 99 компанийн 43 хувь нь өндөр эрсдэл рүү орчихсон яваа"

1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хараат бус ТУЗ-ийн гишүүн Д.Тэгшбаяр:

Хараат бус гишүүнийг томилох журмыг 2023 онд Засгийн газраас баталсан байдаг.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон тендертэй холбоотой хуулиудаар асуудлыг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд хуулийн зохицуулалт манайд хангалттай бий. Харин хэрэгжилт ямар түвшинд явна вэ? 

Төрийн өмчийн 99 компанийн ердөө тав нь ашигтай ажиллаж байна. Өр, хөрөнгийн харьцааны хувьд 99 компанийн 43 хувь нь өндөр эрсдэл рүү орчихсон яваа. 

Төрийн төлөөлөл гэж томилчхоод дээрээс нь удирдамж өгч, ард нь хариуцлага тооцохгүйгээр хараат бус гишүүдийг хараат бусаар үйл ажиллагааг нь явуулахгүй байгаатай холбоотой.

Өнөөдөр ямар ч ашиггүй төрийн өмчийн маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компаниуд хэсэг бүлэг хүмүүсийг тэжээдэг байгууллага болчхоод байгаа.

Хуулийн зохицуулалт манайд багадаагүй. Энэ чиглэлд бид нэмээд хууль гаргаж байгаа юм байна. Миний хувьд шинэ хууль батлаад илүү сайжрах найдлага бага гэж харж буй.

Одоогийн асуудлуудаа шийдэж, ил тод байдлаа хангах, олон нийтийн оролцоо хяналтаа нэмэгдүүлэх тал руугаа явбал илүү үр дүнтэй болов уу.

"ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахгүй, шууд томилж байна"

2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон: 

Тухайн хувьцаа эзэмшлийн эрхийг хэрэгжүүлэгч нь ТУЗ-ийнхөө цалин урамшууллын хэмжээг тогтооно. Ашигтай ажилладаг компанийн хувьд хөрөнгийн хэмжээ, ашигт ажиллагаа, хувийн хэвшлийн цалин урамшууллын жишиг зэргийг харгалзан тогтооно.

Нийтийн зориулалттай дэд бүтэц, нийгмийн зориулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд төрийн албаны зохих ангилалд цалингийн хэмжээг тогтоохоор хуулийн төсөлд оруулж байгаа. 

Мөн ТУЗ-ийн гишүүд цалин урамшууллаас бусад хангамжийг эдлэхгүй гэдэг байдлаар зохицуулж буй. 

Улс төрийн томилгоо хийсэн тохиолдолд:

Мэргэжлийн хараат бус удирдлагатай ТУЗ гэдэг бол тухайн компанийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл. ТУЗ-ийн гишүүд гүйцэтгэх удирдлагадаа тавьж байгаа хяналтаа сайжруулж, бодлогын шийдвэрүүдээ гаргадаг мэргэжлийн байх ёстой.

Энэ ч утгаараа ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага өндөр босготой орж байна.

Өнөөдрийн байдлаар нээлттэй сонгон шалгаруулалт явагдахгүй байгаа. Шууд томилгоо явагдаж байгаа нь улс төрөөс хараат байгаа тухайд шүүмжлэл их. Харин хуулийн төсөл дээр үүнийг өөрчилж байна. 

Хамгийн гол үзэл баримтлалын бол мэргэжлийн хараат бус ТУЗ-ийг бүрдүүлэх явдал. 

"Одоогоор Монголд төрийн өмчийн компаниуд зохицуулалтгүй яваад байгаа"

3. СЭЗИС-ийн Ахисан түвшний сургуулийн профессор Т.Цэнд-Аюуш:

Монголд хараат бус гишүүний хараат бус байдлыг хэн тодорхойлох вэ?, Хараат бус гэж яваад байгаа гишүүд маань яг хараат бус байж чадаж байна уу?, Олон жил нэг байгууллагад ажиллахаар хараат бус биш болчихно шүү дээ.

Хоёрдугаарт хараат бус гишүүдийн шийдвэрт оролцож байгаа байдал ТУЗ-д хараат бус байж чадаж байна уу гэдэг асуудал. Ялангуяа төрийн өмчит компаниуд төрийг төлөөлж байгаа гишүүд дандаа удирдамжаар саналаа өгөөд байгаа.

Есөн гишүүний зургаа нь төрийг төлөөлж байгаа бол гурван хараат бус гишүүн яг хараат бус байж чадах уу. 

ТУЗ-үүд өөрсдийнхөө үнэлгээг жил болгон хийдэг. Ингэхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар үнэлгээгээ хийлгэж байх шаардлагатай.

Одоогоор Монголд төрийн өмчийн компаниуд зохицуулалтгүй яваад байгаа. Хүсвэл компанийн тухай хуулиараа зохицуулна гэж ярьж байгаа ч яг үнэндээ тус хуульд нь төрийн өмчит компаниудын хэсэг байхгүй.