“Сая Сая Сагсчид” ТББ нь “Би биш бидний ирээдүй” уриан дор багийн спортоор дамжуулан өсвөр үеийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санааг төлөвшүүлэх, сурагчдын хичээлээс гадуурх нийгэмшлийг тэлэх зорилгоор 2023-2024 оны хооронд 10-17 насныхны “Junior Club League” буюу “Клубүүдийн дундах хүүхдийн лиг”-ийн эхний улирлыг зохион байгуулсан ба 2 дахь улирлыг 12 сарын 02-ны өдөр Спортын Төв Ордонд амжилттайгаар нээлээ.
Уг лигийн эхний улирал хагас жилийн хугацаанд 63 баг, 1000 гаруй тамирчин хүүхдүүдийн оролцоотойгоор өндөрлөсөн бол 2 дахь улиралдаа 116 баг, 2000 орчим тамирчдыг хамруулж байгаа аж.
Улаанбаатар хотын клубүүдээс гадна Сэлэнгэ, Орхон, Баянхонгор, Өмнөговь аймгууд болон алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх дүүргүүдээс оролцож байгаа нь “Клубүүдийн дундах хүүхдийн лиг” нэг жилийн хугацаанд сагсан бөмбөгт хайртай хүүхдүүдийн хувьд маш их үнэ цэн бүтээж чадсаныг харуулж буй.
Нээлтийн тоглолтоор бага, дунд, ахлах насны бүлгүүдийн нийт 3 тоглолт явагдсан бөгөөд 13-15 насны эмэгтэй төрлөөр нээлтийг эхлүүлж, Aldar TG багийн эсрэг Этүгэн Ирвэсүүд багуудын гал гарсан тоглолт 36:43 харьцаатайгаар өндөрлөн Этүгэн Ирвэсүүд баг ялалт байгуулжээ.
Харин эрэгтэй төрөлд 10-12 насны PG Academy болон Спорт Ноён Оргил багууд тоглож, 84:46 харьцаатайгаар PG Academy баг ялсан бол 16-17 насны Modun Wolves багийн эсрэг BCH Knights баг тоглон 68:72 харьцаатайгаар BCH Knights баг ялалт байгуулж нээлтийн тоглолтыг өндөрлүүллээ.
Энэ удаагийн “Клубүүдийн дундах хүүхдийн лиг”-ийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК, ивээн тэтгэгчээр “Лидер спортинг монголиа” ХХК хамтран ажиллаж байгаа ажээ.
“Сая Сая Сагсчид” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга О.Тэнүүн нь хүүхдэд хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг бөгөөд уг лигт улсын болон хувийн хэвшлийн байгууллагууд, хувь хүн бүр оролцоотой байгаасай гэдгийг дурдсан юм.
Хагас жилийн хугацаанд аваргын төлөө өрсөлдөх “Junior Club League”-ийн баг, тамирчдадаа амжилт хүсье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!