Уншиж байна ...

Абхазын хууль тогтоогчид Оросын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулийн төслөөс татгалзлаа

Т.Давааням, ikon.mn
7 цаг 56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гүрж улсаас салан тусгаарласан Абхазын хууль тогтоогчид өчигдөр Оросын хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийн төслөөс бүрэн татгалзах шийдвэр гаргажээ.

Хуулийн төслийг энэ сарын эхээр өргөн барих үеэр тус бүс нутагт үймээн самуун дэгдэж, иргэд парламентын ордноо эзлэн авч байсан юм.

Өчигдөр Абхазын парламент ээлжит бус чуулган зарлахад 23 хууль тогтоогч оролцож, 12 нь оролцоогүй байна. Тэд хуулийн төслийг буцаан татах эсэх асуудлаар санал хураахад хоёр нь түдгэлзэж, бусад нь бүгд дэмжжээ.

Абхаз болон Оросын эрх баригчид аравдугаар сарын 30-ны өдөр талуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх гэрээг Москва хотод байгуулж байв.

Гэвч хууль батлах үйл явц Абхазын олон нийтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Уг хуулийн төслийг “боолчлолын гэрээ”, Абхазын тусгаар тогтнолд аюултай гэх зэргээр шүүмжилж байлаа.

Олны эсэргүүцэл эрчимжсэний улмаас арваннэгдүгээр сарын 19-ний өдөр Абхазын ерөнхийлөгч Аслан Бжания албан тушаалаасаа огцорсон байна.

Гүржийн бүрэлдэхүүнд байсан Абхаз муж 2008 оны дайнаар Оросын тусламжтай тусгаар тогтнолоо зарласан юм.

Өнөөдөр энэ улсыг ОХУ тэргүүтэй цөөн хэдэн улс хүлээн зөвшөөрдөг бол дэлхийн улс орнуудын дийлэнх нь Гүржийн нэг хэсэг гэж үздэг.

Хэдий тийм боловч шинэ хууль батлагдвал газар нутгаа Оросын хөрөнгө оруулагчдад алдахаас Абхазын олон нийт айж байлаа.

Кавказын уулсын бэл, Хар тэнгисийн эрэгт оршдог үзэсгэлэнт байгальтай Абхаз нь Зөвлөлтийн үеэс амралт, аялал жуулчлалын төв байсан юм.

 

Эх сурвалж: Abkhazworld.com