ХАА, Эрчим хүч, барилгын салбарын ногоон шилжилтийг Монголын тогтвортой санхүүгийн форумаар онцоллоо
“Монголын тогтвортой санхүүгийн форум-2024”-ийг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Гурав дахь жилдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус форумыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо), ХААН Банк, Монгол Улс дахь НҮБ хамтран зохион байгуулж бусад дотоодын болон олон улсын түншлэгч байгууллагууд дэмжин ажиллалаа.
Саяхан Азербайжан улсын Баку хотод НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 29 дүгээр дээд түвшний уулзалт болсон билээ. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд төсөв, хөрөнгө, санхүүжилтээ нэмэх асуудалд дэлхийн удирдагчид голлон анхаарсан НҮБ-ын дээд түвшний тус уулзалтын дараа болж буйгаараа онцлог “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024”-өөр Монгол Улс ногоон хөгжлийн санхүүжилтээ хэрхэн нэмэгдүүлэх тухай зонхилон хөндөж хэлэлцүүлсэн юм.
Монгол Улсын хувьд нэн тулгамдсан асуудал бол уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх явдал. Тэгэхээр нөгөө талдаа байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх нь манай улсын тэргүүлэх зорилтуудын нэг болоод байна. Ялангуяа, Тогтвортой хөгжлийн зорилгууд, Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд бид олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх үүрэгтэй.
Харин дотооддоо бол иргэд, аж ахуйн нэгж, орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ ахуй амьдралыг сайжруулах гол гарцын нэг нь байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх явдал гэж хэлж болно.
Тус форумын үндсэн хэлэлцүүлэг Төрийн ордонд энэ сарын 28-нд болж, хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх боломжуудыг хөндсөн.
Монгол Улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралт ба шингээлтийн зөрүүг тэглэх бодлого, зорилт, үүрэг амлалтыг олон улсын өмнө хүлээсэн.
Дээрх үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхэд Монгол Улсад ойролцоогоор ДНБ-ий 50 гаруй хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн мэргэжлийн үнэлгээ байдаг. Иймээс байгаль орчин, ногоон хөгжлийн санхүүжилтээ нэмэгдүүлэхэд хууль эрх зүй, бизнесийн орчны цогц шинэчлэлээ улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тус форумыг нээж хэлсэн үгэндээ онцолж байв. Мөн уур амьсгалын өөрчлөлттэй үр дүнтэй тэмцэх, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхэд онцгой анхаарч, шийдэмгий арга хэмжээ авч, нийгмийн бүх бүлэг илүү нягт хамтран ажиллахыг уриалсан юм.
Жил бүр хөгжиж байгаа орнуудад 100 тэрбум ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байсан бол одоо 3.5 дахин их буюу 350 тэрбум долларыг уур амьсгалын өөрчлөлтөд жил бүр баталлаа. Ногоон эдийн засаг, ногоон технологи руу шилжих ийм боломж нээгдэж байна. Эндээс Монгол Улс ногоон эдийн засаг руу чиглэхэд зөв төлөвлөгөөтэй, бодлоготой, ухаалаг ажиллаж чадвал Монгол Улсад нэлээд их хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалтууд орж ирэх боломжтой болох”-ыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус форумын үеэр хэлсэн үгэндээ тодотгов.
Манай улсын хувьд хүлэмжийн хий буюу байгаль орчны доройтлыг үүсгэж буй гурван салбарын нэг нь эрчим хүчний салбар юм. Хоёр дахь нь ХАА, удаах нь барилгын салбар. Эл салбарыг цаашид хэрхэн байгаль орчинд хал багатай, ногоон салбар болгон хөгжүүлэх вэ гэдгийг тус форумын хэлэлцүүлгүүдээр олны сонирхлыг татсан гол сэдэв байсан юм.
Энэ тухайд өгүүлэхийн өмнө урьдах хоёр форумын үр дүнгээс хуваалцъя.
Нэгдүгээрт, манай улсын санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбараас олгож байгаа зээлийг ногоон бизнесийг дэмжихэд чиглүүлье гэсэн үүрэг амлалтыг авсан билээ. Тухайн үед нийт банкны салбарын зээлийн 1 хувь нь л ногоон зээл байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт банкны салбарын зээлийн 3 хувь нь ногоон зээл эзлэх болсон. Ерөнхийлөгчийн санаачилгаар 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувийг ногоон зээл болгохоор санхүүгийн салбарынхан ажиллаж байна.
Хоёрдугаарт, байгаль орчны салбарын санхүүжилтийг нэмэгдүүлдэг олон улсын шилдэг туршлагуудыг Монголдоо нэвтрүүлж байна. Үүний нэг тод жишээ бол Олон улсын байгаль хамгаалах сантай хамтраад, Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгтэйгээр “Байгаль орчны байнгын санхүүжилтийн хөтөлбөр” жишиг тогтолцоог дотооддоо бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар, олон улсын хөрөнгө оруулагчдаас буцалтгүй тусламж хэлбэрээр 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг төвлөрүүлээд байна. 2030 он гэхэд нэмэлтээр 100 гаруй сая ам.долларыг төвлөрүүлэх бололцоотой гэж үзэж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай манай агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Ингээд “Монгол Улс ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форумын үеэр өрнөсөн хэлэлцүүлгүүдээр хөндсөн асуудлуудыг тоймлон хүргэе.
Олон улсын түвшинд ногоон хөгжил, ногоон шилжилтийн асуудлыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Засгийн газрын баталсан хөтөлбөрийн хүрээнд ирэх 4 жил ногоон хөгжлийн эрхзүйн орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлд голлон ажиллахаар төлөвлөж байгааг албаныхан тус хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байв.
Түүнчлэн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхий нийтээр цаг хугацаатай үүрэг амлалт авч байна. Банкны салбарын хувьд ногоон, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээнд илүү хүртээмжтэй, бага хүүтэй санхүүжилт олгодог байх тогтолцоог бүрдүүлэх бодлого барьж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.
Харин ногоон зээлийн тухай ойлголт муу байгаад анхаарах, ногоон зээл олгосны дараах баталгаажуулалтыг хийх, цаашдаа харилцагчдаа сургах, ногоон зээлийн ач холбогдлыг ойлгуулахад банк санхүүгийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байгааг “Голомт” банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар зэрэг банкны салбарынхан хөндөж байв.
ХААН Банк Монгол Улсад анх удаа ногоон бонд, нийгмийн бонд гаргасан бол саяхан ХХБ олон улсын зах зээлээс 50 сая ам долларын ногоон болон нийгмийн бондыг олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчаас татсан тухайгаа хуваалцсан. Харин зохицуулагч байгууллагуудын зүгээс ногоон зээлийн урсгалыг нэмэгдүүлэх тал дээр зохицуулагч байгууллагаас бодит урамшууллын механизм шаардлагатай байгааг онцолсон юм.
Олон улс уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр шилжилт хийж буй өнөө үед Монгол Улс ногоон шилжилтийг санхүүжүүлснээр тогтвортой хөдөө аж ахуйд шилжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тэсвэртэй ногоон ирээдүйг бий болгох боломжтой. Хөдөө аж ахуй, ойн сан, усан хангамж болон гамшгийн эрсдэлийн чиглэлээр оновчтой удирдлага хэрэгжүүлэх шаардлагатай байгааг энэхүү хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудад төвлөрч байв.
Тухайлбал, Гоёл Кашмер ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ариунаа:
Төр засгаас сүүлийн гурван жилийн хугацаанд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн зээлийг олгосон нь томоохон хөрөнгө оруулалт юм. Урт хугацааны далайцтай үр дүнд хүрэхийн тулд бид ноолуурын кластерийг эхлүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна. Үүний тулд ноолуурын компаниуд нэгдэж консорциумыг бий болгож, урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нь үр дүнтэй байж чадна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Уур амьсгалын стратеги, бүс нутаг хариуцсан захирал Н.Анвар:
ХАА-н салбарын уур амьсгалын дасан зохицоход чиглэсэн санхүүжилт маш чухал боловч уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтэд ХАА-н салбарт олгосон хувь нь 3-5 хувь эзэлж байгаа нь нэг талаас сорилт боловч нөгөө талаас боломж байгааг илэрхийлж байна. Энэ салбарт хэрэгжүүлж буй аливаа татаастай хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ цогцоор нь харах, тайлагналын стандартыг хангуулахад анхаарах хэрэгтэй гэдэг нь бусад орны жишээнээс харагдаад байна.
Монголын байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь:
2022 онд ТоС Форумын үеэр байгаль, биологийн төрөл зүйлийг хамгаалах байгууллага хэрэгтэй тухай ярьж байсан. Тэр цагаас хойш хоёр ч сан байгуулагдаад байна. Монголын байгалийн өв сангаас байгаль орчин, биологийн төрөл зүйлийг хамгаалах урт хугацааны төсөл, санхүүжилт татаж ажиллах юм. Энэ хүрээнд бэлчээрийн асуудал хамаарч буй. Нэг талаас ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг банкнууд татаад ирж байна, нөгөө талаас бодлого стандартын орчин маш сайн бүрдсэн тул ХАА-н салбарт урамшууллын тогтолцоог зөв хэрэгжүүлээд туршаад явах санаачилгыг гаргаж байна.
Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг “Ногоон ирээдүйг цогцлоох Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдлүүдийн санхүүжилт” хэлэлцүүлгийн хүрээнд хөндөн ярилцсан гол сэдэв байсан юм.
“Ногоон орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сангаас хэрхэн ногоон хөнгөлөлттэй санхүүжилт авахад төвлөрөн ажиллаж, олон хүн ба байгууллагын оролцооноос шийдэл гаргах үүднээс нээлттэй санал хүсэлт авч байгааг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэргэдэх Ногоон, хүртээмжтэй орон сууцны тогтолцоо, санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц танилцуулсан.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд эрчим хүчний хэмнэлттэй орон сууцжуулах бодлого багтсан. Улаанбаатарт ногоон орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал бага байхын тулд анхны зардлаа их гаргахаас аргагүй. Анхны зардал нь жирийн орон сууцнаас 13 хувь өндөр боловч ашиглалтын зардал нь 20 хувь бага байх судалгаа байгааг албаныхан мэдээлж байв.
Түүнчлэн эрчим хүчний дутагдлаас гарах, хугацаатай хөнгөлөлттэй зээл татах үндсэн хоёр зарчмыг бид хэрэгжүүлэх шаардлагатай байна. Барилгын салбар дулааны эрчим хүчний нормыг өндөрсгөх замаар эрчим хүчний ангиллаа шилжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй барилгуудыг барихаар шийдвэрлээд байна хэмээн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд мэдэгдсэн.
Эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэйгээр барилгын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн асуудлын гол нь орон сууцны асуудал нь амины орон сууц, гэр орон сууцны эрчим хүчний хэмнэлтийг хангаж, алдагдлыг бууруулах тухай асуудал юм. Эрчим хүчний хэмнэлттэй дулаалга хийснээр өрхийн орлого санхүүд ямар ач холбогдолтойг олон нийтэд таниулан ойлгуулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд ахиц гаргах хэрэгтэй байгааг ч оролцогчид тэмдэглэж, өөрсдийн туршлага мэдээллээ хуваалцаж байлаа.
Тухайлбал, Хас банкны Эко Банкны газрын захирал Г.Туул “2010 оноос эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслийг хэрэгжүүлж, барилгын компанитай хамтрах ёстойг ойлгосон. Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй байшин барих нь чухал боловч вакумжсан болгохгүйн тулд давхар агааржуулалтын системтэй байх ёстой” хэмээж байв.
Түүнчлэн, эрчим хүчний хэмнэлттэй барилгыг барих бус үйлдвэрлэх хэрэгтэй. Бодлогод нийцсэн ногоон барилга барихын тулд тодорхой хэмжээний барилгын материалыг үйлдвэрлэснээр ажиллах хүч, хаягдлыг хэмнэн бүтээх боломжтой. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц өөрөө бодит бүтээн байгуулалт юм гэдгийг оролцогчид хэлж байсан юм.
Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулж, нийгмийн баталгааг нь хангах бодлого хэрэгжүүлэхийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтот бүлгээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппармэнтэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр нийслэлийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг багасгах зэрэг асуудлыг шийдэх боломжтой”-г ярьж байв.
Ийнхүү гурван өдөр үргэлжилсэн “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024”-ын үеэр үндсэн форумаас гадна банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан олон улсын туршлагаас суралцах, мэдлэг мэдээллээ гүнзгийрүүлэх сургалтуудыг энэ сарын 27, 29-ний өдрүүдэд зохион байгуулсан.
Эдгээр нь нөлөөллийн хөрөнгө оруулалт, биологийн олон янз байдлын санхүүжилт, уур амьсгалын тайлагнал зэрэг сэдвийг хамрав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!