Уншиж байна ...

Орешник пуужин Кремлийн суртал нэвтрүүлэг байсан тухай албаны эх сурвалжууд мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 30 минут
iKon.MN
Зураг зураг

Оросын арми туршилтын шатандаа байгаа Орешник баллистик пуужинг Украины хот руу харвасан нь Өрнөдийнхнийг айлгах зорилготой Кремлийн суртал нэвтрүүлгийн төлөвлөгөөний нэг хэсэг байсан талаар Москва Таймс чөлөөт хэвлэл албаны эх сурвалжууд дээр үндэслэн мэдээлжээ.

Нэрээ нууцалсан Оросын дөрвөн албаны эх сурвалжийн баталснаар Орешникийн цохилт болон түүний араас дагалдсан суртал нэвтрүүлгийн ажиллагааг өндөр албан тушаалтнууд, тагнуулын байгууллага, Кремлийн олон нийттэй харилцах алба хамтран төлөвлөж, зохион байгуулсан гэнэ.

“Америкчууд, Британичууд алсын тусгалын зэвсгээ ашиглахыг Зеленскийд зөвшөөрсний дараа Герман тэргүүтэй Европын улс орнуудыг хэрхэн айлгах, буулт хийлгэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан юм” гэж эх сурвалжуудын нэг ярьжээ.

Үүний үр дүнд Оросын цэргийн аж үйлдвэрийн хүчин чадал, шинэ зэвсгийн ид шидийг сурталчлах кампанит ажлын төлөвлөгөө боловсруулагдсан гэнэ.

“Энэхүү суртал нэвтрүүлгийг олон нийтэд хүргэх ажил хэд хэдэн үе шатаас бүрдсэн. Хамгийн гол нь Орешникийн цохилт, түүнийг дүрс бичлэгийг түгээх, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацах байлаа” гэж эх сурвалж ярьжээ.

Уг ажиллагаанд ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова болон Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянадаг Кремлийн өндөр албан тушаалтан Алексей Громов нарын үзүүлбэр багтсан гэнэ.

Орешникийн цохилтын талаар Захарова хэвлэлийн хурал дээр танилцуулж байх үед утсаар залгаж “Днипро дахь зэвсгийн үйлдвэрт баллистик пуужингаар довтолсон” талаар ярихыг хориглосон хүн нь Громов байжээ. Тэдний яриа сэтгүүлчдэд сонсогдсон нь санаатай үйлдэл байсан гэнэ.

“Хэлэлцүүлэгт оролцсон зарим хүмүүс энэ үзүүлбэрээрээ бахархаж байсан” гэж эх сурвалжуудын нэг мэдээлсэн байна.

Дараа нь Казахстанд болсон Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын гишүүн орнуудын уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Путин уг кампанит ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлсэн гэнэ.

“Дээд хэмжээний уулзалт уг нь гишүүн орнуудын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой байсан. Гэвч дарга (Путин) үүнээс гажиж, Зеленскийн холбоотнуудыг заналхийлсэн. Бусад оролцогчдын хувьд энэ нь гэнэтийн зүйл болсон гэж би бодож байна. Тэд үндсэндээ Өрнөдийн эсрэг сэтгэл зүйн дайн хэмээх үндсэн хоолны хачир болж ашиглагдсан” гэж албаны эх сурвалж ярьжээ.

Олон жилийн турш Европын удирдагчдыг чадварлаг айлгаж байсан хэдий ч сүүлийн үед цөмийн зэвсгийн сүрдүүлэг явуургүй болсон тул Кремлийн эрх баригчид Орешникийг ашиглахаар тохиролцсон юм байна.

Гэхдээ Украины Днипро хотод довтлоход Орешникийг ашигласан нь туршилт байсныг Путин хүлээн зөвшөөрсөн. Бас ийм төрлийн зэвсгийг олон тоогоор үйлдвэрлэх боломж бага байгаа.

Оросын батлан хамгаалах салбарын хүнд суртал, үр ашиггүй ажиллагаа, инновацын хоцрогдолтой нөхцөл байдалд Орешникийг бөөнөөр үйлдвэрлэхэд олон жил шаардагдахыг энэ салбарт ажиллаж байсан инженер бас ярьжээ.

“Харьцангуй энгийн, пуужинтай холбоогүй төслүүдэд 5-7 жилийн хугацаа зарцуулдаг. Орешникийн энэ цохилт анхны туршилт байсан бололтой. Тиймээс бөөнөөр үйлдвэрлэхэд энэ нь хангалтгүй” гэж нэрээ нууцалсан инженер тайлбарласан байна.

Туршилтын шатандаа байгаа зэвсгийг байлдааны талбарт ашиглах нь хүч чадлаа харуулахаас илүүтэй олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилготой гэж тэр дүгнэсэн байна.

Цэргийн шинжээч Аксенов энэ талаар “Путин цөмийн саваагаа дэндүү удаан далласан. Түүнд шинэ зүйл хэрэгтэй болсон. Тиймээс Орешникийг гаргаж ирсэн. Тэр юу ч устгаагүй, армийн зэвсэглэлд нэвтрэх ч болоогүй, гэхдээ л бүгдийг айлгаж байна. Хүмүүс Путинд айлгах зүйл үлдээгүй гэж бодож байлаа. Гэтэл тэр Ираны баллистик пуужин, дараа нь Умард Солонгосын пуужин, тэр ч байтугай цэргүүдийг нь ашигласан. Дараагийн хэрэгсэл нь Орешник байсан бололтой” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: The Moscow Times