Уншиж байна ...

ЭМЯ: 17,379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй, 1,292 хүүхдийн стерео хараа тэнцээгүй

П.Сайнжаргал, IKON.MN
7 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Амьдралын орчин, агаарын бохирдол, хоол хүнс зэрэг олон төрлийн шалтгаанаас улбаалж бага насны хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байна. 

Эрүүл Мэндийн Яамнаас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгохоор Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн нэгдүгээр ангийн сурагчдын нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлсэн.

Эхний ээлжид нийслэлийн сурагчдыг хамруулж буй уг үзлэг өчигдрийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна. Шүдний үзлэгт 19,933 сурагч хамрагдсанаас 78.5 хувь өвчлөлттэй гараад байна.

Шүд: 

Тухайлбал эдгээр хүүхдүүдийн 15,644 нь шүдний цооролттой, 4,083 хүүхэд шүдний гажигтай гэж оношлогдсон бол 17,379 хүүхэд шүдээ бүрэн угаадаггүй гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл дийлэнх хүүхэд шүдээ бүрэн угааж чаддаггүй, энэ төрлийн дадал хэвшил суугаагүйн өвчлөлийн гол шалтгаан болж байгааг эмч нар онцолж байна.

Нүд:

Нүдний хараа нь хүүхдийн сурлагад нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг.

Гэвч нүдний үзлэгт ороод буй 13,882 хүүхдийн 2,125 нь холын хараа, 949 нь ойрын харааны өөрчлөлттэй байна. Мөн 1,292 хүүхдийн стерео хараа нь тэнцээгүй аж. Тиймээс 2,897 хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ.

Зүрх:

Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний гуравт зүрх-судасны эрхтэн тогтолцооны өвчин ордог. Тиймээс хүүхдүүдийн дунд зүрхний эмгэгийн эрт илрүүлэх, оношлох, улмаар эмчилгээнд хамруулах, уг эмгэгт хүргэдэг эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн боловсрол олгох нь нэн тэргүүний анхаарах асуудал болоод буй.

ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт одоогийн байдлаар 16,153 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийгээд байна. Эдгээр хүүхдийн бичлэгийг эмч нар хянаж байгаа бөгөөд 10 орчим хувь нь өөрчлөлттэй гарах урьдчилсан тооцоотой байна. 

 

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам