Уншиж байна ...

Манай улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэлгээ 7 оноогоор буурчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өнөөдөр 12 цаг 52 минут
IKON.MN
Зураг зураг

Олон улсын "CIVICUS Monitor" байгууллага шинэ судалгаагаа танилцууллаа. 2017 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа тус байгууллага нь тайван жагсаал цуглаан хийх, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар судалгаа хийдэг юм.

Иргэний нийгмийн судалгааны 20 гаруй түншүүдтэй хамтран ажиллаж, олон тооны бие даасан хүний ​​эрхийн үнэлгээний санал, дүгнэлтээр дамжуулан уг мэдээллийг гаргажээ.

Судалгааг гаргахдаа дэлхийн 198 орныг 1-100 оноогоор үнэлж, улаанаас ногоон хүртэл таван үнэлгээгээр тогтоогдог.

Ази, Номхон далайн орнуудыг өнгөрсөн жилийн судалгаатай харьцуулахад жагсагчдыг дур зоргоороо баривчлах, тайван жагсаалыг хүч хэрэглэн тараах, иргэдийг цагдан хорихын тулд зохиомол хэрэг тулгах явдал түгээмэл байсныг онцолжээ.

Азид долоон орон улаан бүсэд буюу хаалттай ангилалд орсон байна. Тодруулбал Афганистан, БНХАУ, Лаос, Мьянмар, Хонконг, Хойд Солонгос, Вьетнам улс иргэний эрх чөлөө хаалттай ангилалд оржээ. 

Хэдийгээр улаан ангилалд багтаагүй ч эрх чөлөө нь хязгаарлагдмал ангилалд Бруней, Камбож, Энэтхэг, Пакистан, Филиппин, Сингапур, Шри Ланка болон Тайланд багтсан байна.

Харин Бангладеш улс хаалттай ангиллаас зэрэг ахиж хязгаарлагдмал орны нэг болсон юм.

Энэ жил Монгол Улсын оноо 67-аас 60 болж, долоон оноогоор буурч, “Саадтай” орны тоонд шилжлээ.

Украиныг харгис хэрцгийгээр эзлэн түрэмгийлэхэд дэмжлэг үзүүлж байсан Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн айлчлалыг эсэргүүцсэн идэвхтнүүдийг цагдаа нар баривчилсан. Мөн А.Баярмаа, Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө шийтгэдэг зэргээс шалтгаалан Монголд иргэний эрх чөлөө ганхаж байгааг онцолсон юм.

Уг ангилалд Бутан, Индонез, Малайз, Мальдив, Балба орж байгаа юм.

Япончууд 79-өөс 84 болж өссөн нь Ази тивдээ хамгийн нээлттэй орноор тодорсон бол Тайвань 81 оноогоор удаалжээ.