Уншиж байна ...

Сирийн босогчид Алеппо хотыг эзэлснийхээ дараа Хама хот руу давшиж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
6 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сирийн босогчдын зэвсэгт бүлэглэлүүд тус улсын дөрөв дэх том хот Хамагийн чиглэлд давшиж эхэлснийг эх сурвалжууд өчигдөр мэдээлжээ.

Төв бүсийн Хама мужийн төвийг эзэлбэл босогчид өөрийн хяналтад саяхан орсон Алеппо хотыг нийслэл Дамасктай холбох замыг гартаа оруулах юм.

Хама мужийн нутагт ерөнхийлөгч Ассадын арми босогчидтой “ширүүн тулаан”-д орсныг Сирийн төрийн мэдээллийн Сана агентлаг мэдээлжээ.

Харин босогчдын зэвсэгт хүчин Хама хотоос 10 км зайд байрлаж, тус хотын хойд талд оршдог Маардис, Соран тосгодыг эзэлснээ мэдээлсэн байна.

Сирийн иргэний дайныг олон жил ажиглаж байгаа “Syrian Observatory for Human Rights” байгууллага босогчид сүүлийн хэдэн цагийн дотор Хама мужийн хэд хэдэн тосгон сууриныг эзэлсэн талаар мэдээлжээ.

“Сири, Оросын агаарын хүчнүүд энэ бүс нутагт олон арван удаа цохилт өглөө” гэж тус байгууллага бас мэдээлсэн байна.

2011 онд иргэний дайн эхэлсний дараа Сири улс нь олон улсын эрх ашгийн тулааны талбар болоод байгаа.

Ерөнхийлөгч Башар Аль Ассадын дэглэмийг Орос, Иран улсууд дэмждэг бол босогчдын зэвсэгт бүлэглэлүүдийг Турк, АНУ дэмжиж байна.

Энэ удаагийн босогчдын давшилтыг Турк улсын дэмждэг бүлэглэлүүд тэргүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

Үүнээс гадна Израиль улс Сири дэх Ираны холбоотнуудыг устгах ажиллагаа явуулсаар байна.

Тухайлбал Мягмар гарагт Израилийн арми Сирийн нийслэл Дамаск хотод Ливаны Хезболла зэвсэгт байгууллагын удирдагчдын нэг Салман Жумааг устгаснаа мэдээлжээ.

Жумаа нь Сирийн дэглэмтэй Хезболлаг холбох үүрэгтэй хүн байв.

Өчигдөр өглөө бас Хама, Алеппо хотуудаас зүүн зүгт хэдэн зуун километрийн зайд АНУ-ын дэмждэг Курдын зэвсэгт бүлэглэл Ассадын армийн эсрэг шинэ фронт нээсэн байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган зэвсэгт бүлэглэлүүдийн давшилт нь Сирийн ерөнхийлөгч Ассад “сөрөг хүчнийхэнтэйгээ яриа хэлэлцээ хийх ёстойг харуулж байна” гэж өчигдөр мэдэгджээ.

Хама хот нь Сирийн дэглэмийг эсэргүүцэгчдийн бэхлэлт байсаар ирсэн түүхтэй. Тухайлбал Сирийн иргэний дайны эхэн үед энэ хот босогчдын түшиц газар байсан бол Ассадын эцэг Хафез 1982 онд энэ хотод засгийн газрын эсрэг бослогыг эхлүүлж байжээ.

 

Эх сурвалж: AFP