Улаанбаатар хотод метрог барих төслийн хүрээнд хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар НЗДТГ, ШУТИС, БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хооронд гурван талт санамж бичгийг энэ оны 9 дүгээр сард байгуулаад буй.
Метроны төсөл ашиглалтад ороход 600 гаруй инженер, техникийн ажилчид нэн шаардлагатай бөгөөд уг төслийг авч явах боловсон хүчнийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэ хүрээнд хамтран ажиллах хүсэлт илгээсэн БНСУ-ын “Халла” их сургуулийн төлөөллүүд НЗДТГ-ын урилгаар хүрэлцэн ирж, анхны уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр “Халла” их сургуулийн захирал Ким Юн Вон “Халла групп нь БНСУ-д хамгийн анхны хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг хийж байсан.
Олон улсын кэйсээс үзэхэд бусад улс орон бүтээн байгуулалтын ажилдаа голчлон анхаарсан харагддаг.
Харин Монгол Улсын хувьд метро баригдсаны дараах боловсон хүчин, метроны бүтээн байгуулалтын асуудлыг цогцоор нь авч үзэж байгаад баяртай байна. Өчигдөр онгоцноос буугаад зочид буудал руу явах замд Монголд түгжрэл ямар хэмжээнд байгааг мэдэрсэн. Төсөл амжилттай хэрэгжиж боловсон хүчин бэлтгэх ажилд өөрийн хүч чадал, боломж бололцоогоо дайчлан ажиллах боломжтой” гэж илэрхийлсэн байна.
Тус их сургуулийн профессор Мин Жүн Ги боловсон хүчин бэлтгэх хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлүүдийг танилцуулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!