Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний Аудитын Газрын ирэх оны "Аудитын сэдэв батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Төрийн сангуудын мөнгийг ярих хэрэгтэй байна. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам гэж халамжийн яам байна. Том нэртэй хөтөлбөрүүд нь төсөв дээр багц дүнгээрээ орж ирдэг. Энэ төсөв яаж зарцуулагдаж байгаа тухай аудит хийсэн зүйл байна уу. Сайд нь эргэн тойрны хүмүүстээ сангуудаас мөнгө тараадаг зүйл ажиглагдаад байна.
Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны тусгай сангуудад аудит хийх ёстой. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн тал мөнгөнөөс илүүг нь ганцхан компани хамаарал бүхий этгээдээрээ цуглуулчихсан асуудал яригдаж байсан.
Та бүхэн салбар нэгж бүрээр нь салгаж аудит хийхээр том зүйл харагдахгүй байна. Тухайн яамнаас гарч байгаа бүхий л сангуудын мэдээллийг үзвэл аймшигтай юм харагдана" хэмээн ярив.
Түүний асуултад Ерөнхий аудитор Д.Загджав "Тусгай сангуудаас гадна төрийн сангийн гүйлгээ ямар нэгэн аудитгүй явж байгаа. Төрийн сангийн гүйлгээнд аудит хийлгэхгүй бол яриа, хөөрөө гараад байна.
Тухайлбал миний хамгийн сайн мэддэг ОХУ-д төрийн сангийн хяналтын алба гэж тусдаа байдаг. Аудит дотроо төрийн санг хэмнээд явдаг. Гэтэл манай улсад ийм алба байхгүй.
Цаашдаа аудитын сэдэвт оруулаад шийдээд өгвөл бид аудит хийгээд явж болно. Тусгай сангуудад сүүлийн үед аудит хийгээгүй" гэж хариулав.
Мөн Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг "Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан татан буугдаж, корпорац болсон учир санхүүгийн тайлангийн аудитыг жил бүр хийж, сөрөг дүгнэлт өгдөг.
Харин Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан дээр хязгаарлалттай санал дүгнэлтийг өгдөг. Тухайн сангуудад эрсдэл бий" хэмээн нэмж хариулт өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!