Уншиж байна ...

Ираны холбоотон Иракийн зэвсэгт бүлэглэлийн дайчид Сирийн босогчдын эсрэг тулалдахаар иржээ

Т.Давааням, ikon.mn
Өчигдөр 12 цаг 16 минут
iKon.MN
Зураг зураг

Сирийн босогчдын зэвсэгт бүлэглэлүүд өнгөрсөн долоо хоногийн дундаас эрчимтэй давшиж, тус улсын хоёр дахь том хот Алеппог ерөнхийлөгч Башар Аль Ассадын армийн цэргүүдээс булаагаад байна.

2020 онд Турк, Оросын зуучлалтай гал зогсоох гэрээ байгуулагдсанаас хойш Сирийн иргэний дайны гал намжаад байсан нь ийнхүү сэргэжээ.

Алеппо хотоос босогчдыг 2016 онд Сирийн засгийн газрын арми хөөн гаргаж байсан юм.

Гэвч Ассадын дэглэмийн гол хоёр тулгуур болсон Иран, Орос улсууд өөр өөрийн асуудалтай болсон нь босогчдыг ийм хурдан амжилт гаргахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал Ираны эрх баригчдын том холбоотон Хезболла зэвсэгт байгууллага Ливаны нутагт Израилийн армитай тулалдаж, Орос улс Украины дайнд хүчээ төвлөрүүлсэн нь үүнд нөлөөлжээ.

Гэхдээ Ассадын дэглэм аюултай тулгарахад Тегераны эрх баригчид зүгээр суухгүй бололтой.

Ираны дэмжиж, санхүүжүүлдэг Иракийн Бадр, Нужабаа зэвсэгт бүлэглэлүүдийн голдуу 300 орчим дайчин Ням гарагийн орой Сирийн хилийг давсан тухай мэдээ ирж байна.

Тэднийг шийтийн ариун мөргөлийн газрыг хамгаалах зорилготой гэж Иракийн аюулаас хамгаалах албаны эх сурвалж мэдээлжээ.

Үүнтэй зэрэгцэн Ираны гадаад хэргийн яам Сирийн засгийн газрын армид шаардлагатай тусламжийг үзүүлэхээ амласан байна.

Харин Ираны хамгийн хүчтэй холбоотон гэгддэг Ливаны Хезболла бүлэглэл Израилийн армитай тулалдаж буй тул энэ удаа Сирийн нутагт очих боломжгүйг тус байгууллагатай ойр ажилладаг гурван тусдаа эх сурвалж мэдээлжээ.

2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайны турш Ассадын дэглэмийг дэмжин тулалдаж байсан эвслийн гол цөм нь Хезболла байсан юм.

Гэвч Ливан улсын нутаг дэвсгэрт Израилийн армийн байлдааны ажиллагаа эрчимжиж эхэлсэн аравдугаар сарын дундуур Сирийн нутагт байрлаж байсан хүчээ Хезболла буцаан татсан гэх мэдээлэл бий.

2015 оноос хойш агаарын цохилтоороо Сирийн армийг дэмжиж байгаа Орос улс ерөнхийлөгч Ассадыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж, үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байгааг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Сири, Оросын нисэх онгоцнууд Алеппо хотын зүүн захад байрласан босогчдын хуаранг бөмбөгдсөн тухай Дамаскын албаны эх сурвалж бас мэдээлсэн юм.

Сирийн хямралд оролцогч бас нэг улс болох Туркийн албаныхан тус улс босогчдын давшилтад ямар нэг оролцоогүйгээ мэдэгджээ.

Гэхдээ Сирийн босогчдын гол хүчийг Хаяат Тахрир аль-Шам исламист бүлэглэл болон Туркийн дэмждэг Сирийн Үндэсний Арми нэртэй эвсэл бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

Өчигдөр буюу Даваа гарагт Турк, Ираны гадаад хэргийн сайд нар Сирийн асуудлаар ярилцсан байна.

Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан босогчдын давшилтын амжилтыг гадаадын хүчний оролцоогүйгээр тайлбарлах боломжгүй гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters