Машинаа өвөлд бэлдэх, жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх Автотээврийн Үндэсний Төв(АТҮТ)-ийн зөвлөгөөг хүргэж байна.
1.ӨВЛИЙН ДУГУЙ
Юуны өмнө, дөрвөн улирлын дугуй бол өвлийн дугуй биш гэдгийг санаарай. Өвлийн улиралд халтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Канадын Квебек мужид өвлийн улиралд “заавал өвлийн дугуй ашиглах” журам гарснаар зам тээврийн ослын тоо 20%-аар буурсан байна.
Түүнчлэн дугуйн хий сул юм уу хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Тиймээс зааврын дагуу дугуйнхаа хийн даралтыг тохируулж явбал сайн.
Санамж: Ихэнх хүн машин нь зам дээр гулгаж, шарвахад "зөн билгээрээ" тоормосолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.
2.АККУМУЛЯТОРОО ШАЛГА
Таны аккумулятор цоо шинэ л биш бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй. Энэ нь танаас зардал мөнгө, цаг хугацаа нэг их шаардахгүй.
Машины аккумуляторын ашиглалтын хугацаа 3-5 жил хүртэл байдаг. Хэрвээ аккумулятороо солих төлөвлөгөөтэй байгаа бол намар солих нь тохиромжтой. Учир нь өвөл аккумулятор хүйтэн хөдөлгүүр асаахын тулд маш их ачаалал авдаг учраас хэт хүйтрэхээс өмнө солихыг зөвлөдөг.
Хэрэв аккумуляторын ашиглалтын хугацаа дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үзээрэй. Холбох утас болон бэхэлгээ хошууг нь суларсан зэвэрсэн эсэхийг шалгаарай. Бэхэлгээн дээр цайвар зүйл ургасан бол аккумуляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа хэрэг. Үүнийг хоолны сод, ус болон шүдний сойз ашиглан хялбар арилгаж болно. Мөн аккумуляторын шингэний түвшинг шалгаж үзээрэй. Хэрэв шингэний хэмжээ багассан байвал нэрмэл ус нэмж болно. Гэхдээ хэт дүүргэж болохгүй.
3.ХӨРГӨЛТИЙН ШИНГЭНИЙГ ШАЛГАХ
Хөргөлтийн шингэний гол ач холбогдол нь хөдөлгүүрийг хэт халсан үед хөргөх, мөн хөлдөхөөс хамгаалах үүрэгтэй. Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой. Ер нь болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан хөргөлтийн шингэнийг ашиглахыг зөвлөдөг. Зөвхөн хөлдөх хэмийг нь харж дурын шингэн хийвэл хөдөлгүүрийн эд анги зэврэх, өнгөр тогтох, усны насосын сэнс зэврэх зэрэг гэмтэлд хүргэдэг. Таны машинд ямар хөргөлтийн шингэн тохирохыг мэргэжлийн хүнээс асууж тодруулаарай.
4.ШИЛ АРЧИГЧ
Машины шил арчигчийг 18-24 сарын хэрэглээд солих хэрэгтэй байдаг. Шил арчигч муу ажиллах нь үзэгдэх орчныг муу харуулах, осол аваар гаргах нөхцөлийг бүрдүүлэх аюултай. Шил арчигчийн сойз нь резинэн материалаар хийгдсэн байдаг тул хэт хүйтэнд хатуурч, хагарч, цас арилгаж чадахааргүй болдог. Түүнээс гадна шил арчигч шингэнээ хүйтэн нөхцөлд хөлддөггүй шингэнээр солих хэрэгтэй.
5.ХААЛГАНЫ БАРИУЛ, ТҮГЖЭЭ, ШИЛИЙГ ТОСЛОХ
Өвлийн огцом хүйтрэлт эхлэхээс өмнө хаалганы бариул, түгжээ, шилийг силиконтой цацдаг шингэнээр тослох хэрэгтэй. Ингэснээр түлхүүр, хаалганы бариул, шил хүйтнээс болж зуурах, гацах зэрэг эрсдэлийг бууруулдаг.
6.ШАТАХУУНААР ДҮҮРГЭ
Өвлийн улиралд шатахууны саванд чийг хуримтлагдаж, улмаар шатахуунд ус орох нөхцөл үүсдэг. Ус шатахуунаас хүнд учраас савны ёроолд тунаж, цаашлаад шатахуун дамжуулах хоолой руу орвол хөлдөж, хөдөлгүүрт хүрэх шатахууны замыг бөглөх эрсдэлтэй. Үүнээс зайлсхийхийн тулд шатахууны савыг үргэлж тал хүртэл нь шатахуунтай байлгах хэрэгтэй. Ингэснээр чийг хуримтлагдах нөхцөлийг арилгах болно.
7.ТОСОО СОЛИХ
Агаарын хэм унаснаас болж машины тос өтгөрч, царцдаг ба хөдөлгүүрийг хангалттай сайн тосолж чаддаггүй. Тиймээс аль болох зуурамтгай чанар багатай тос сонгох хэрэгтэй. Машины тосон дээрх W-ийн өмнөх тоо зуурамтгай чанарыг заадаг. Тиймээс 5W-30-тай тос 10W-40-тэй тосноос зуурамтгай чанар багатай гэсэн үг юм. Ердийн тос хийсэн бол 5,000 км яваад буюу гурван сар тутам тосоо солих нь манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд хэрэгтэй байдгийг санаарай.
8.РЕМЕНЬ БОЛОН ТРУБКУУД
Машины резинэн эд анги буюу ремень болон патрубкуудыг ердийн үед 50,000 км яваад шалгуулахыг зөвлөдөг. Хөдөлгүүрийн ремень болон патрубкууд хүйтэнд илүү хэврэг болдог учраас тасрах, гэмтэх эрсдэлтэй.
Эдгээр засвар үйлчилгээг хийснээрээ таны тээврийн хэрэгсэл өвлийг өнтэй давах бэлтгэлээ базаасан гэсэн үг.
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!