Бямба гарагт Япон улсын хойд бүсийн Акита хотын нэг супермаркет зэрлэг баавгайн халдлагад өртсөн юм.
Баавгай дэлгүүрийн 47 настай ажилчны толгойд хөнгөн гэмтэл учруулсан байна. Тэр үеэс хойш эрх баригчид дэлгүүрийг баавгайгаас чөлөөлөхөд хоёр хоног зарцуулж, өчигдөр буюу Даваа гарагт бал, алим бүхий урхи ашиглан барьжээ.
Ням гарагт цагдаа нар баавгайн байрлалыг тогтоохоор дэлгүүр дотор дрон нэвтрүүлсэн тухай NHK суваг мэдээлж байв. Эрлийн үр дүнд дэлгүүрийн агуулахаас баавгайг олсон байна.
Баавгай баригдахаасаа өмнө дэлгүүрийн махны хэсгийг түйвээж, тавиуруудыг эвдэн сүйтгэсэн байсныг албаныхан өчигдөр мэдээлжээ.
Баригдсан баавгайг сүүлд зохих журмын дагуу устгаснаа Акита хотын захиргаа мэдээлсэн юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүнс тэжээлийн хомсдолын улмаас Японы хойд бүс нутагт хүмүүс болон баавгайн хоорондын зөрчил мөргөлдөөн нэмэгдээд байгаа.
Өнгөрсөн онд Акита мужид баавгайн халдлагын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрсэн юм.
Нийт Япон даяар өнгөрсөн санхүүгийн жилд баавгайн халдлагатай холбоотой гэмтэл бэртэл, эд хөрөнгийн хохирлын тоо хэмжээ түүхэн дээд хэмжээндээ хүрчээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!