Уншиж байна ...

“Загалмайлсан эцэг” кинонд дүрслэгддэг шиг адууны тастсан толгойгоор Сицилийн бизнесмэнийг сүрдүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сицилийн нэг бизнесмэний эзэмшлээс адууны тастсан толгой олдсон нь орон нутгийн мафи “Загалмайлсан эцэг” кинонд гардаг сүрдүүлэх аргыг ашигласантай холбоотой байж болзошгүй гэнэ.

Италийн Сицили мужийн нийслэл Палермо хотын ойролцоох Алтофонте хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын компанийн газар малтагч машины суудал дээр адууны толгойг тавьсан байжээ.

Хотын оршин суугчдын сайн танил бизнесмэн энэ талаар цагдаад мэдээлж, өмнө нь бас сүрдүүлэг, анхааруулга хүлээж авч байснаа мэдүүлсэн байна.

Тухайн бизнесмэн тавьсан шаардлагыг нь биелүүлээгүйн төлөө мафийнхнаас ийм сүрдүүлэг хүлээн авсан байж болзошгүй хэмээн цагдаа нар сэжиглэж байгаа гэнэ.

Найруулагч Фрэнсис Форд Кополлагийн 1972 онд бүтээсэн “Загалмайлсан эцэг” кинонд мафийн шаардлагыг биелүүлээгүй продюсер өглөө сэрээд орон дотроосоо хайртай мориныхоо тастсан толгойг олж байгааг харуулсан үзэгдэл гардаг.

Алтофонте хотын захирагч Анжела Де Лука болсон явдалд  маш их бухимдаж байгаагаа илэрхийлжээ.

“Би цочирдож гайхлаа. Би ийм бүдүүлэг зэрлэг үйлдлийг ойлгохгүй байна. Энэ үйлдэл биднийг дундад зууны үе рүү буцааж байна” гэж тэр ярьсан байна.

Сицили аралд сүүлийн хэдэн сарын хугацаанд шоронд ял эдэлж байгаад хугацаа нь дууссан 20 гаруй мафийн толгойлогч суллагдсан юм.

Дээр үед энэ нутагт амьтны тастсан толгой эсвэл биеийг хүргэх нь мафийн хамгийн түгээмэл айлган сүрдүүлэх арга байсан гэдэг.

Өнгөрсөн тавдугаар сард Палермо дахь барилгын бизнес эрхлэгчийн гэрийн урд ямааны толгой тавьсан байсан бол 2023 онд Мессина хотын цагдаагийн байрны үүдэнд гахайн толгой дүүжилсэн байжээ.

Коза Ностра мафийн эсрэг тэмцэж байгаад 1992 онд алагдсан шүүгч Жованни Фалконегийн нэрэмжит Палермогийн нэг сургуулийн үүднээс 2017 онд толгойг нь тастсан шувууны бие олдож байв.

 

Эх сурвалж: The Guardian