Уншиж байна ...

Илон Маск АНУ-ын засаг захиргааны төсвийг танах төлөвлөгөөгөө танилцууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп өөрийн томоохон ивээн тэтгэгч, тэрбумтан Илон Маскаар шинэ засаг захиргааныхаа үр ашиггүй зардлыг бууруулах ажлыг гүйцэтгүүлэх гэж байгаа.

Илон Маск нь DOGE (Department of Government Efficiency) гэж нэрлэж буй засгийн газрын нэгжийг Трампын бас нэг дэмжигч, бизнесмэн Вивек Рамасвамитай хамтран удирдахаар болсон юм.

Тэгвэл Маск, Рамасвами нар АНУ-ын төсвийг хэрхэн танаж, үр ашгийг нь дээшлүүлэх төлөвлөгөөнийхөө талаар өчигдөр The Wall Street Journal сонинд бичжээ.

“Бид улс төрчид биш, бизнесмэнүүд. Бид холбооны засгийн газрын ажилтан болохгүй, харин гадна талд нь сайн дурын ажилтан байдлаар ажиллах болно” гэж тэд нийтлэлдээ бичсэн байна.

DOGE нь тэдний төсөөлж байгаагаар яам, агентлаг гэхээсээ илүү зөвлөх байгууллага (advisory group) хэлбэрээр ажиллах гэнэ.

Тэд ерөнхийлөгч Трампаар хүчингүй болгуулах дүрэм журам, зохицуулалтын бичиг баримтын жагсаалтыг одоо гаргаж байгаа ажээ. “Ерөнхийлөгч олон мянган ийм дүрэм журмыг хүчингүй болгоход шүүмжлэгчид гүйцэтгэх засаглалыг эрх мэдлээ хэтрүүллээ гэх байх. Үнэн хэрэгтээ энэ нь Конгрессоор хэзээ ч батлагдаж байгаагүй, гүйцэтгэх засаглалын хэр хэмжээнээс хэтэрсэн зүйлсийг засаж залруулах ажил байх болно” гэж нийтлэлд бичсэн байна.

Хүнд суртлыг арилгах, ажиллах хүчийг цомхотгох цогц арга хэмжээний үр дүнд АНУ-ын холбооны засгийн газрын төсөв $500 тэрбум гаруйгаар танагдахыг тэд амлажээ.

“Сонгуулийн шийдвэрлэх мандатыг авч, дээд шүүхэд консервативууд 6:3 харьцаагаар олонх болсон нь DOGE-д холбооны засгийн газрын бүтцийг цомхотгох түүхэн боломж олгож байна” гэж Маск, Рамасвами нар бичсэн байна.

Тэд бас холбооны засгийн газрын ажилтнуудад зайнаас ажиллах горимыг хориглож, долоо хоногийн таван өдөр биеэр ирж ажиллах шаардлага тавих гэнэ.

Гэхдээ энэ шаардлага нь хууль эрх зүйн нэлээд сорилттой тулгарч магадгүй юм.

Маск, Рамасвами нар бас DOGE нь 2026 оны долдугаар сарын 4-ний өдөр үүргээ гүйцэтгэж дуусаад тарах ёстой гэж дүгнэжээ.

Дональд Трамп өмнөх засаглалынхаа хугацаанд засгийн газрын 19 агентлагийг тараах гэж оролдсон ч бүтээгүй юм.

Маск өнгөрсөн сонгуулийн турш Трампыг дэмжиж, түүнд $100 гаруй саяыг хандивласан гэдэг.

Гэхдээ АНУ-ын болон гадаадын олон орны засгийн газартай бизнесийн хэлхээ холбоотой түүний шинэ албан тушаалд ашиг сонирхлын зөрчлийн маргаан үүсэх магадлалтай юм. Бас Трамп тангараг өргөж, улс төрийн бодит амьдрал эхэлсний дараа тэдний “бал сар” өндөрлөхийг үгүйсгэх аргагүй.

 

Эх сурвалж: Reuters