Уншиж байна ...

Лаос улсад метанолын хордлогын улмаас гадаадын тав дахь жуулчин нас баржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лаос улсын аялал жуулчлалын хотод өчигдөр Британийн жуулчин хордлогын улмаас нас барсан гадаадын тав дахь иргэн болжээ.

“Бид Лаос улсад нас барсан британи эмэгтэйн ар гэрийнхэнд тусалж, орон нутгийн эрх баригчидтай холбоотой ажиллаж байна” гэж Их Британийн гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

Гадаадын үүргэвчтэй аялагчдын очих дуртай газруудын нэг болоод буй Ван Виен хотод жуулчид бөөндөө хордсон асуудал үүсээд байгаа.

Үүнээс өмнө Австралийн 19 настай аялагч Бианка Жонсын бие муудаж, хөрш Тайландын эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсан юм. Одоо түүний найз мөн 19 настай Холли Боулзын бие муу, Бангкокийн эмнэлэгт эмчлүүлж байна.

Өчигдөр бас АНУ-ын төрийн департамент Ван Виен хотод иргэн нь нас барсныг баталжээ.

Нас барсан шалтгааныг тодорхой мэдээлээгүй ч “нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, консулын тусламж дэмжлэг үзүүлж байна” гэж мэдэгдсэн байна.

Дани улсын гадаад хэргийн яам хоёр иргэн нь нас барсныг бас мэдээлжээ.

Албан ёсоор зарлаагүй ч жуулчдын үхлийн шалтгааныг метанолын хордлого байж болзошгүй гэж үзэж байна.

Цэвэрлэгээний материалд ашигладаг уг шингэнийг зарим тохиолдолд хууль бус согтууруулах ундааны чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг гэнэ.

Одоогоор Лаосын эрх баригчид жуулчдын үхлийн шалтгааныг албан ёсоор тайлбарлаагүй байна.

Шинэ Зеландын гадаад хэргийн яам Лаост бие нь муудсан иргэндээ тусламж үзүүлж байгааг мэдээлэхдээ “метанолын хордлого байж болзошгүй” гэжээ.

“Аялагчдад согтууруулах ундаа, ялангуяа хортой бодисоор найруулсан спиртийн орцтой коктейль, ундаа хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна” гэж тус улсын гадаад хэргийн яам иргэддээ анхааруулсан байна.

Өчигдөр Шинэ Зеландаас гадна АНУ, Австрали, Их Британи, Канад улсууд Лаост байгаа иргэддээ анхааруулга хүргүүлжээ.

Лаос улсын хойд бүсийн үзэсгэлэнт байгальтай Ван Виен хот сүүлийн жилүүдэд үүргэвчтэй залуу аялагчдын очих дуртай газруудын нэг болоод байгаа.

Энд ирсэн жуулчид наргиж цэнгэхдээ нутгийн үйлдвэрийн хямд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх явдал түгээмэл гардаг байна.

Зүүн Өмнөд Азийн хамгийн ядуу орнуудын нэг Лаос сүүлийн жилүүдэд өндөр инфляцын улмаас эдийн засгийн хямралд нэрвэгдээд байгаа юм. Одоо тус улсын валютын орлогын гол эх үүсвэр аялал жуулчлал болж байна.

 

Эх сурвалж: CNN