Японы хэсэг судлаачид далайн усанд задардаг хуванцар материал зохион бүтээсэн нь байгаль орчны бохирдлыг бууруулах үйлсэд чухал үүрэг гүйцэтгэж магадгүй байна.
Шинэ материалын тухай мэдээлэл өнөөдөр АНУ-ын шинжлэх ухааны Sicence сэтгүүлд нийтлэгджээ.
Үндэсний шинжлэх ухааны судалгааны хүрээлэн Рикен болон Токиогийн Их сургуулийн судлаачдын хамтарсан баг уг материалаа “supramolecular” хуванцар хэмээн нэрлэж байна.
Уян харимхай чанар, бат бэх байдлын хувьд газрын тосоор үйлдвэрлэдэг хуванцартай ижил бөгөөд дахин боловсруулах боломжтой гэнэ. Бас галд шатдаггүй юм байна.
Шинэ хуванцрыг хүнсний нэмэлт болон органик материалуудын бүтцэд ордог мономеруудаар бүтээжээ.
Уг мономер нь давстай усанд орохдоо байгальд ээлтэй бодис болон задардаг гэнэ.
Хэрвээ шинэ хуванцрын ус үл нэвтрүүлэх чадварыг сайжруулбал олон төрлийн хэрэглээнд цаашдаа ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Сав, баглаа боодол болон бусад зориулалтаар ашигласан хуванцар материалуудын ихэнх хэсэг өнөөдөр хог хаягдал болж, байгалийн жамаар задарч чадахгүй байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа.
Ийм хог хаягдлын ихэнх хэсэг далай тэнгисийн усны гол бохирдуулагч болдог.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!