Гиннесийн Дэлхийн Дээд Амжилтын өдрийг тохиолдуулан дэлхийн хамгийн өндөр болон хамгийн намхан хоёр эмэгтэйг өчигдөр Лондон хотод уулзуулжээ.
Энэ арга хэмжээний хүрээнд 215.16 см өндөр Румейса Гелги, 62.8 см өндөр Жёти Амге нар өчигдөр Лондон хотын Savoy зочид буудалд цайлсан байна.
Тэдний өндрийн зөрүү 152.36 см байсан юм.
“Бидэнд нийтлэг тал байна. Бид хоёул нүүрээ будах, биеэ арчлах, гоёх, хумсаа янзлах дуртай. Өндрийн зөрүүгээс болоод нүд нүдээ харж харилцахад заримдаа хэцүү байсан ч уулзалт үнэхээр сайхан боллоо” гэж Гелги ярьжээ.
Амге бас ижил дээд амжилт эзэмшигчтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Турк улсын иргэн, вэб дизайнераар ажилладаг Гелги 2021 онд дэлхийн хамгийн өндөр эмэгтэйн өргөмжлөл хүртэж байжээ.
Тэр “Weaver syndrome” гэдэг маш ховор өвчний улмаас ийм өндөр болсон юм байна.
Гелги дэлхий дахинд ийм өвчнөөр оношлогдсон 27 дахь хүн ажээ.
27 настай тэрбээр бас дэлхийн хамгийн том гартай эмэгтэй (24.93 см), хамгийн урт нуруутай эмэгтэй (59.90 см), хамгийн урт чихтэй эмэгтэй (9.58 см) зэрэг дээд амжилтуудыг эзэмшдэг юм байна.
Энэтхэгийн жүжигчин, хэвлэлийн од Амге нь “achondroplasia” гэгддэг ясны ургалтын эмгэгтэй хүн юм.
Тэрбээр сошиал сүлжээнд олон дагагчтайгаас гадна АНУ-ын “American Horror Story: Freak Show” телевизийн цувралд Ма Петитийн дүрийг бүтээж байжээ.
Бас Италийн телевизийн “Lo SHow Del Record” шоунд хэд хэдэн удаа оролцож байсан гэнэ.
Лондон хотод Гелги, Амге нартай уулзсан Гиннесийн дээд амжилтын номын эрхлэгч Крэйг Глендэи “Энэхүү хоёр гайхалтай эмэгтэйг уулзуулснаар тэдэнд амьдралын талаар үзэл бодлоо бидэнтэй хуваалцах боломж олдлоо” гэж ярьжээ.
Гелги, Амге хоёр Гиннесийн дээд амжилтын номын 2025 оны хэвлэлтэд шинээр нэмэгдэх “GWR ICONS” ангиллын алдартнуудын тоонд багтаж байгаа юм байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!