Оросын нутаг дэвсгэрт Өрнөдийн алсын тусгалтай зэвсгээр довтолж эхэлсний хариуд дунд тусгалын шинэ баллистик пуужинг анх удаа Украины эсрэг хэрэглэснээ ерөнхийлөгч Путин өчигдөр зарлажээ.
“Орешник” гэж нэрлэсэн уг пуужин дууны хурднаас 10 дахин өндөр (Mach 10) хурдтай бөгөөд Өрнөдийн ямар ч хамгаалалтын систем зогсоох боломжгүйг Путин өчигдөр телевизээр үг хэлэхдээ мэдээлсэн байна.
Тэр бас алсын тусгалын зэвсгээ Украинд ашиглуулж буй аль ч улсад уг пуужингаар довтлох боломжтойг анхааруулжээ.
“Зэр зэвсгээрээ манайд довтлохыг зөвшөөрсөн улс орнуудын батлан хамгаалах байгууламжуудад өөрийн зэвсгээр довтлох эрхтэй гэж бид үзэж байна” гэж Путин энэ үеэр хэлсэн юм.
Энэ долоо хоногт Украины арми АНУ, Их Британийн алсын тусгалын зэвсгүүдээр анх удаа Оросын нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгч эхэлсэн билээ.
Өчигдрийн шинэ пуужингийн цохилт үүний хариу арга хэмжээ болохыг Путин баталжээ.
“Түрэмгий үйлдэл эрчимжвэл бид толин тусгал хэлбэрээр шийдэмгий хариу өгөх болно” гэж тэр хэлсэн байна.
Орешник пуужингаар Украины төв хэсгийн Днипро хот дахь пуужингийн үйлдвэрт довтолжээ.
Хэрвээ Орешникийг дахин ашиглах бол энгийн иргэдэд нүүн шилжих боломж олгохын тулд урьдчилж мэдэгдэхээ Путин амласан байна. Үүнийгээ тэр Оросын эрх баригчдын урьд өмнө хийж байгаагүй үйлдэл гэж тодорхойлжээ.
Путиний мэдэгдлээс хэдхэн цагийн өмнө Украины албаныхан Днипро хот тив алгасагч баллистик пуужингийн цохилтод өртсөн, энэ үеэр хоёр хүн шархадсан, цохилтын улмаас үйлдвэрийн байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв гэмтсэн тухай мэдээлсэн юм.
АНУ-ын албаныхан уг цохилтыг дунд тусгалын баллистик пуужингаар үйлдсэн гэж дүгнэжээ.
Орешник пуужинг ОХУ-ын Астрахань мужийн нутаг, Каспийн тэнгисээс харвасан гэж Украины тал мэдээлж байна. Путиний мэдэгдлийн өмнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Өнөөдөр манай галзуу хөрш өөрийгөө хэн болохыг дахин харууллаа. Бас ямар их айдастай байгаа нь харагдлаа” гэж мэдэгджээ.
Хэдийгээр далавчит пуужин, богино тусгалын баллистик пуужингаас оновчтой байдлын хувьд дутуу ч олон тооны цэнэгт хошууг өндөр хурдтай тээвэрлэх чадвартай дунд тусгалын баллистик пуужинг Украины эсрэг хэрэглэсэн нь Өрнөдийнхөнд сануулга өгөх гол зорилготой гэж Лондонд төвтэй Royal United Services Institute бодлогын хүрээлэнгийн батлан хамгаалах салбарын захирал Мэттью Сэвилл үзэж байна.
“Яагаад ийм зэвсэг ашиглахад хүрэв? Ерөөсөө энэ бол Украинчуудад өгсөн сануулга” гэж тэр хэлжээ.
Үгчилж хэлбэл “Бид дунд тусгалын баллистик пуужингийн өрсөлдөөнд орохдоо баяртай байна. Жич: Энэ нь цөмийн цэнэгт хошуутай байж болно. Та нар үнэхээр ийм эрсдэлд орохыг хүсэж байна гэж үү?” гэсэн агуулгатай сануулга болохыг Сэвилл тайлбарласан юм.
Дайны 1,000 дахь хоног дээр АНУ болон Их Британи улсууд Украины армид өөрийн нийлүүлсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглах зөвшөөрөл өгсөн.
Зарим мэргэжилтнүүд энэ шийдвэр дайны салхийг эргүүлж чадахгүй ч Оросын армийн ложистикийн асуудлыг хүндрүүлнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!