Уншиж байна ...

Энэ онд 18-30 насны 5 мянган урианхай иргэнээс 32-ыг нь Боловсролын сангийн зээлээр суралцуулжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 17 цаг 13 минут
IKON.MN
Зураг зураг

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд хэлэлцүүлэг өрнүүлэв. 

УИХ-ын гишүүн М.Сарнай Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгоход ажлын хэсэг хэрхэн ажиллах талаар тодруулахад дээрх ажлын хэсгийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, өнгөрсөн хугацаанд гарсан зөрчил дутагдлын талаар мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагын дүгнэлтийг авч үзэх, цаашид олон нийтэд ил тод болгохын тулд эцэг, эхчүүдийн саналыг сонсох зэргээр удирдамжид заасны дагуу ажиллана гээд Ажлын хэсгийн эцсийн зорилго нь зээлийн санг шударгаар зарцуулах жишиг тогтооход чиглэнэ гэв.

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын тавьсан Боловсролын сангийн зээлээр урианхай, тува, цаатан иргэдийг суралцуулахад өнгөрсөн жил 4 тэрбум, энэ жил 4.5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Энэ зээл эдгээр хүмүүст хэрхэн олгогддог вэ гэсэн асуултад Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу үндэстний цөөнхийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг дурдаад, Боловсролын зээлийн сангаас 2021 оноос үндэстний цөөнх болох тува, цаатан суралцагчдад зээл олгож байсан бол 2024 оноос урианхай иргэдийг хамруулахаар нэмсэн гэлээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нийт 18-30 насны 5 мянган урианхай иргэнээс 32-ыг нь суралцуулахаар болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Асуулт, хариулт өндөрлөсний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн  удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, батлав.